Батлан хамгаалах хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, дагаж мөрдөх журмууд шинэчлэгдэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” батлагдан гарлаа.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд цэргийн цол хэрэглэдэг байгууллагуудын эрх зүйн асуудлаар гаргасан анхны шийдвэр төдийгүй нийгэмд шударга ёс тогтоох талаар авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ юм.
Шинэ журамд бэлтгэл үүрэгтний цолыг хавтгайруулан олгодог тогтолцоог халсан, ахлах болон дээд офицеруудад тавигдах боловсролын шаардлага нэмэгдүүлсэн, цэргийн цолны нийтлэг стандарттай болсон зэрэг зарчмын өөрчлөлтүүдээс гадна цэргийн сургуульд сурч байгаа алба хаагчдад хугацааны цолыг нь олгодог, эдэлж байгаа цолноосоо нэгээс дээш цолны зэрэглэл бүхий тушаалд томилогдвол дараагийн цолыг цол хоорондын хугацааны 50-иас дээш хувийг эдэлсэн бол олгож болох зэрэг заалтууд тусгасан байна.