Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас эхэлсэн улс төрийн хариуцлага хүлээлгэх халаа, сэлгээ үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаанаар төрийн захиргааны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзоригийг шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад хариуцлагагүй ажилласан гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь огцруулсан байна. БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг хилээр нэвтрүүлж, эхний ээлжинд эм, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирж байгаа ч эмийн сангуудад дуслын шингэн зэрэг зарим эм, хэрэгсэл хомсдсон мэдээлэл байгаа юм.