Энэ оны эхний 11 сарын байдлаар манай улсын импорт 6,187.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,301.3 сая ам.доллар буюу 26.6 хувиар нэмэгдлээ.
Үүнээс эрдэс бүтээгдэхүүний импорт 1,169.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 252.2 сая ам.доллар буюу 27.5 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.
Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 84 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлжээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1,579.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 112.7 мян.тн буюу 6.7 хувиар багассан ч үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2 хувиар нэмэгдсэн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 86.6 хувийг автобензин, дизель түлш, үүний 34.4 хувийг автобензин, 52.2 хувийг дизель түлшний импорт эзэлж байв.
Энэ оны эхний 11 сарын байдлаар 338.6 сая ам.долларын 509.3 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 35.8 мян.тн буюу 6.6 хувиар багассан ч үнийн дүнгээр 110.7 сая ам.доллар буюу 48.6 хувиар нэмэгдлээ. Нэг тн автобензиний импортын дундаж үнэ 664.8 ам.доллар болж, 246.8 ам.доллар буюу 59 хувиар нэмэгдсэн аж.
Мөн хугацаанд 512.5 сая ам.долларын 889.6 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 126.9 сая ам.доллар буюу 32.9 хувиар нэмэгдэж, биет хэмжээгээр 27.2 мян.тн буюу 3 хувиар багаслаа. Нэг тн дизель түлшний импортын дундаж үнэ 576.1 ам.доллар болж, 155.5 ам.доллар буюу 37 хувиар нэмэгдсэн байна.