Өнөөдөр буюу 03.21 бол олон улсын ойн өдөр. Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор баталж байжээ. Манай дэлхий дээр хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий. Монгол орны газар нутгийн хувьд 13 сая га талбайг ойн сан эзэлдэг. Үүнийг дагаад олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болж өгдөг. Жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрч байна.