Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улс энэ оны эхний улиралд 126 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 3.6 тэрбум ам.доллар хүрсэн байна. Үүнээс экспорт 1.9 тэрбум ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.долларт хүрчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 108.7 (3.1 хувь) сая, импорт 167 (11 хувь) сая ам.доллараар нэмэгдсэн бол экспорт 58.3 (2.9 хувь) сая ам.доллараар багассан байна. Экспорт өмнөх сарынхаас 121.3 (18.9 хувь) сая, импорт 171.8 (35.7 хувь) сая ам.доллараар нэмэгджээ.
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний улиралд 476.6 сая ам.долларын ашигтай байсан бол энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 225.3 сая ам.доллараар багасч, 251.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ оны гуравдугаар сард өмнөх сарынхаас 50.5 сая ам.доллараар багасчээ.
БНХАУ-тай энэ оны эхний улиралд 2.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 56.6 хувийг эзэлж буй аж. Хятад Улсад экспортолсон бараа, бүтээгдэхүүний 46.5 хувийг зэсийн баяжмал, 41 хувийг чулуун нүүрс эзэлж буй бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг алт эзэлжээ. Экспорт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 58.3 сая ам.доллараар багасахад нүүрсний экспорт 16.7 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна.
Хил дээр худалдах нүүрсний дундаж үнэ сүүлийн хоёр сар дараалан нэмэгджээ. Энэ хугацаанд боловсруулаагүй газрын тос экспортлоогүй байна. Экспорт энэ оны гуравдугаар сард өмнөх сарынхаас 121.3 сая ам.доллараар нэмэгдэхэд чулуун нүүрсний экспорт 166.4 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.
Энэ оны эхний улирлын байдлаар импортын дүнг авч үзвэл, Орос 32, Хятад 31.2, Япон 8.2, БНСУ 4.8, Америк 3.5, Герман 2.5 хувийг эзэлж, нийт импортын 82.1 хувийг бүрдүүлсэн байна. ОХУ-аас импортоор оруулсан барааны 57.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 71.2 хувийг суудлын автомашин, Хятад Улсаас импортолсон барааны 6.6 хувийг цахилгаан эрчим хүч, 5.8 хувийг ачааны тэрэг, 87.6 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн тус тус эзэлжээ.
Импорт өмнөх оны мөн үеийнхээс 167 сая ам.доллараар нэмэгдэхэд автобензин 90.4 сая, суудлын автомашин 28 сая, дизелийн түлшний импорт 15.3 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 97.3 хувийг эзэлж буй бол импортын 61.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.