УИХ дахь намын бүлгүүд Даваа гаригт хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлгийн хурал 10:00 цагт эхэлжээ. Өнгөрөгч долоо хоногийн бүлгийн хурлаар гишүүдийн олонх төсөвт тодотгол хийх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл бүлэг дотроо гишүүд төсөвт тодотгол хийх талаар эсрэг байр суурийг илэрхийлжээ. Сангийн сайдын зүгээс төсөвт тодотгол хийх шаардлага байхгүйг онцолсон боловч олонх түүний үгийг сонсолгүй төсөвт тодотгол хийх шийдвэрийг гаргасан байна. Мөн гишүүдийн “тойргоо услах” дөрвөн тэрбумаас танах тухай яриа гарч зарим нь дэмжжээ.
Харин өнөөдрийн бүлгийн хурлаар мөн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл танилцуулжээ. Эргэн сануулахад өнгөрөгч Баасан гаригт /2022.04.15/ тэрбээр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлж, төсөвт тодотгол хийж, НДШ-ийн 50 хувийг ажилтанд буцаан олгох, цагдаа цэргийн алба хаагчдаас бусад төрийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх, Төсвийн хэмнэлтийн тухай хууль оруулж ирэх болсноо дуулгасан билээ. Уг хуульд дурдсанаар төрийн алба хаагчид том оврын авто машин унахгүй байх, яам агентлагийн дэд дарга нарыг цөөлөх талаар тусгасан байна.