Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлжээ.
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Маршалын гүүрнээс Сонсголонгийн гүүр болон Нисэхийн эцсийн хадан хясаа, Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлжийн гармаас Майхан Уул гэсэн маршрутаар иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.
Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.
Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 12 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.