Түүхч Д.Анхбаяр тэргүүтэй Монгол-Туркийн судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгонд амжилттай ажиллаж, түүхэн чухал олдворыг олж илрүүлжээ. Тодруулбал, Аладагийн ордон хэмээх Хүлэг хааны зуны ордны туурийг түүхэндээ анх удаагаа нээж олсон /2022.06.14/ талаарх мэдээг монгол эрдэмтэн судлаачид дуулгав.
Энэ талаар түүхч Д.Анхбаяртай холбогдож тодруулахад “Монголын зургаан эрдэмтэн судлаач Турк улсын Измир катип челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнтэй хамтран анх удаа ажиллаж байна. Монголын эзэнт гүрний хаадын ордноос одоогоор Өвөр Монгол дахь Хубилай хааны ордон, Иранд байгаа Амбагай хааны зуны ордон, Алтан ордны улсад байгаа Сарай хот гэсэн гурван хот мэдэгдэж буй. Одоо энэ дөрөв дэх ордон нь болж байна.
Археологийн судалгааны малтлагыг Турк улсын эрдэмтэдтэй хамтран хийнэ. Монгол руу түүхэн чухал олдворуудыг олон нийтэд сурталчилж таниулах үүднээс авч ирж болно.
Монголын археологич, эрдэмтэд анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гадаадад ажиллаж байна. Хүлэг хаан анх 1259 онд энэ газрыг их сайхан бэлчээртэй газар байна гэж дурлаж, ‘Лабтай сагут” буюу ‘Лавтай суух газар’ гэж нэрлэсэн байдаг. Энэ газар ордон байгуулсныг түүхэн эх сурвалжуудад Аладагийн ордон гэж тэмдэглэсэн байдаг. Энэ ордныг одоо хүртэл Турк улсын талаас судлаагүй байсныг энэ өдөр баталгаажуулж, илрүүллээ.
Энэ жил Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буй. Ойн баярт чухал ач холбогдолтой түүхэн олдвор болох болов уу. Энэ түүхэн туурь 1260-1264 оны хооронд баригдсан бөгөөд өнөө цагаас 700 гаруй жилийн өмнө гэсэн үг” гэв.
Турк улсад Монголын археологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор Ю.Болдбаатар, археологичдын холбооны гишүүн, доктор А.Энхтөр, түүхч, хятад судлаач Б.Энхчимэг, магистрант О.Сувд-Эрдэнэ, түүхч Д.Анхбаяр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж.