Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдах товтой. Угтаа Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор 512 бөх барилдах ч өнгөрсөн жилийн 100 жилийн ойг нөхөн хамтад нь тэмдэглэж байгаа учир бөхийн тоог ийн заажээ. Мөн монгол туургатны тодруулбал, Тува бөхчүүд наадамд ирж барилдах албан бус мэдээлэл гарсан.
Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав ярихдаа ‘Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа, монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос хэд хэдэн ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дурдвал, энэ жилийн улсын наадамдаа монгол туургатан болох буриад, Өвөрмонгол, халимаг, тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх, намар аравдугаар сараас тэгш саруудад зохиогдох багийн цуврал барилдаанд оролцох 32 багийн 2-3 багийг Өвөрмонгол, тува, буриад бөхчүүдээр бүрдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийхээр төлөвлөж байна’ гэв.
Одоогоор Халимаг, Тува, Буриад улсын бөхчүүд наадамд барилдах хүсэлтээ ирүүлээд байна.
Тэгвэл гадаад улсаас ирж буй бөхчүүдийн хэрхэн эрэмбэд оруулах вэ? Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад пҮндэсний өв соёлоос гадна Монгол туургатнууд наадмыг өөр өөрсдийн онцлогт тааруулан уламжлан хийж ирсэн. Монгол Улсын Үндсэн хууль, Баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулга дээр ч аливаа этгээдийг баяр наадамд оролцуулах асуудлыг ялгаварлан гадуурхахгүй шийднэ. Тэгэхээр гаднын бөхчүүдэд ч гэсэн нээлттэй. Нөгөөтэйгүүр ээж, аав нь Монгол Улсын иргэн боловч гадаадад төрж өссөн хүүхдүүд буцаж эх орондоо ирээд, ахуй, соёлтойгоо танилцах, үндэсний спортоороо хичээллэх хүсэл дээр нь бид хязгаарлалт тавих боломжгүй. Магадгүй үүнийгээ бодсон ч тэр монгол туургатнууд манай улсын баяр наадамд оролцъё гэхэд бид ялгаварлан гадуурхаж болохгүй. Тодорхой хэмжээнд оролцох эрх нь нээлттэй.
Бөхийн ам авах, эрэмбийн асуудал дээр залуу бөх л гэж дуудуулах байх. Тува, Өвөрмонголдоо авсан цол нь тэр улсдаа л үйлчилнэ. Монгол Улсын баяр наадам өөрөө хуультай, бөхийн барилдаан нь тодорхой дүрэм журамтай. Залуу бөх гэсэн статустай л оролцоно гэж би харж байна’ гэлээ.