Дэлхийн усан спортын холбоо буюу FINA өчигдөр трансжэндэр тамирчдыг эмэгтэйчүүдийн ангиллын уралдаан тэмцээнд оролцуулахыг хориглох шийдвэр гаргажээ.
Тус холбооны ээлжит бус ерөнхий чуулганд оролцогчдын 71.5 хувь нь дээрх шийдвэрийг дэмжсэн байна. Гэхдээ 12 нас хүрэхээсээ өмнө хүйсээ солиулсан тамирчдад энэ хориг хамаарахгүй ажээ.
“Энэ нь хүмүүсийг 12 нас хүрэхээсээ өмнө хүйсээ солиулахыг дэмжсэн хэрэг биш. Шилжилтийн наснаасаа хойш хүйсээ солиулбал бие махбод нь давамгай байдалтай болж, уралдаан тэмцээн шударга бус болдгийг эрдэмтэд баталсантай холбоотой” гэж FINA-гийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жэймс Пирс өчигдөр мэдэгдсэн байна.
Үүнээс гадна FINA “нээлттэй тэмцээн уралдаан” гэсэн шинэ ангиллыг нэвтрүүлэх саналыг шийдвэртээ тусгажээ.
Томилогдсон ажлын хэсэг зургаан сарын дотор трансжэндэр тамирчид оролцох боломжтой шинэ ангиллын журмыг боловсруулж, танилцуулахаар болсон байна.
FINA энэ асуудлаар санал хураахаасаа өмнө тамирчид, эрдэмтэд болон хууль, хүний эрхийн төлөөлөгчдийн танилцуулгыг сонсож, хэлэлцжээ.
Сүүлийн жилүүдэд трансжэндэр тамирчдын асуудал хурцаар яригддаг болоод байгаа. Олон Улсын Олимпын Холбоо одоогоор тухайн эмэгтэй тамирчны тестостерон дааврын түвшнийг хэмжих замаар эр хүйс давамгайлсан эсэхийг шалгах аргыг зөвлөж байна.
Гэвч энэ нь эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч, трансжэндэр тамирчид илүү давуу талтай болохыг шинжлэх ухаанаар баталгаажуулахыг шаардах болсон юм.
Энэ оны гуравдугаар сард Лиа Томас түүхэнд анх удаа АНУ-ын NCAA холбооны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд түрүүлсэн транс тамирчин болж байв.
Тэрбээр 500 ярдын (450 метр) чөлөөт сэлэлтийн тэмцээний аварга болсон юм.
Спортын бусад холбоод ч транс тамирчдыг тэмцээнд хэрхэн оролцуулах дүрэм журмаа танилцуулсаар байна. Өнгөрсөн Пүрэв гарагт дэлхийн дугуйн холбоо транс тамирчдыг хүйсээ солиулснаасаа хойш хоёр жилийн дараа тэмцээн уралдаанд оролцуулах журам гаргасан юм. Энэ хугацаанд тестостерон дааврын хэмжээ ямар хэмжээнд хүртэл буурсан байх ёстойг бас тогтоожээ.
Эх сурвалж: Associated Press