Амралтын өдрийг угтаж, агаар салхинд гарах иргэдийн автомашины цуваа Баасан гаригаас эхэлдэг. Хотын соёл ярьж, томоохон хэмжээний контент бэлтгэж түмэнд түгээгээд ч иргэдийн ухамсарт айхтар суудаггүй зүйл бол голын эрэг дээр хаяж явах хог. Асуудлыг шийдвэрлэхэд арга хайх гэхээс илүүтэй хаягдлаа автомашиндаа л ачихад уг нь болох. Атал авч явж, хэрэглэж дууссан бүтээгдэхүүний сав, баглаа боодол гээд хэрэглэгдэхгүй эд зүйлсээ хүний хөлд орхиод оддог жишиг хэдийнэ тогтжээ. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж иргэд агаар салхинд гарахдаа хотын ойролцоох голын эргийг мөн бараадаж байв. Тухайн үед халдвар хамгаалал, ариун цэврийн дэглэмээс шалтгаалж иргэд харьцангуй ухамсартай хандаж байжээ.
Харин энэ жил тэр ухамсраа дахин гээсэн болохыг гэр бүлээрээ салхилж буй хүмүүс хэлж байна
Агаар салхинд гарах нийслэлийнхэн хамгийн ойроор нь Туулын эргээ барааддаг. Хог хаягдал, хүний хөдөлгөөн эмх цэгцгүй аялж байгаатай холбоотой хотын дарга хүртэл дрон нисгэж хяналт тавих чиглэл өгөөд амжсан. Энэ сургаар нь иргэд эрх биш эмх цэгцтэй агаарлаж сурах байх гэсэн ч огт хэвшээгүй хэвээр. Ганцхан жишээ бол Баянзүрх дүүргийн товчооны Туул гол.
Голын эрэг дагуу хог хаягдал, орчны бохирдол бол дулааны улиралд нян тээгч төдийгүй ойролцоох оршин суугчдын амгалан тайван амьдрах эрхэнд ч халдаж байна.
Байгаль зорьж ирсэн амрагчид сүүдрэвч, майхан барьж, шорлог хийж суугаа харагдана. Ихэнх нь хоногоор биш өдрөөр амарч зугаалж яваа бөгөөд бага насны хүүхдүүдээ агаарлуулж, салхилахаар иржээ. Иргэдийн зүгээс жил бүр ярьж улиг болсон Туулын ойролцоох бүсийн тохижуулалт, байгалийн бохирдолтыг хөндөв. Ядаж хүний биологийн хэрэгцээ хангах боломжтой бие засах газар зайлшгүй тулгамдаж байгааг хэлсэн юм. Заавал био нойл, зөөврийн нойл гэж өртөг өндөртэй хийж байхаар нэгдсэн тэмдэглэгээ тавьж нүхэн жорлон ч болтугай гаргаж өгөхийг хүсч байлаа. Хэрэв нойлын асуудлыг шийдвэрлэхгүй бол иргэдийн өтгөн, хог хаягдал холилдож цэвэр агаар гэдэг нь нянд дарагдаад дуусч буйг ч хэлсэн юм.
Тиймээс Туулын ай сав газраар ядаж нэгдсэн хог ангилан ялгаж хаях тэмдэглэгээ бүхий томоохон хогийн сав, нийтийн нойлыг гаргах өгөх хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол хүчтэй салхи гэнэт шуурах төдийд ил цэгт хаясан хог нь хийсч энд тэнд тарж, түүнийг нь нохой зууж, хөөцөлдөх хүүхдийн хөлд тарж хийснэ. Эцэг эхчүүдийн зүгээс хяналт тавьж байгаа ч минут тутамд үр хүүхдээ ажиглах боломжгүйгээс хүүхдүүд нь бохир зүйлсээр тоглох, гараараа хоол ундаа идэх гээд вирус дамжих эрсдэл үүсч байгаа гэхэд ч хилсдэхгүй. Мөн үүнээс гадна амралтын бүсүүдэд амрагчдад зориулсан нийтийн бие засах газрыг байршуулах шаардлага зайлшгүй үүсч байна. Баянзүрхийн товчооны Туул гол орчмын талбайг айлууд эзэмшиж хашаалж, амрах газар эрсэн хүнд аятайхан амрах тав тухтай талбай тун бага үлджээ. Айлууд дундуур сүлжиж туулын эрэг рүү дөхөх тусам хийсэх хог хаягдал, бохир орчин угтана. Машин сүлжилдсэн замаас үүдэн ногоон зүлэг багасч, сул шороо ихэсэх аж. Замын сул шороо салхилах бүрт хүчтэй шуурч, амрагчдын майхан, шүхрийг хийсгэх шахам л болж байхад иргэдэд тоож байгаа зүйл байсангүй. Бараг хээр хаясан хогон дунд хүний тухлах жаахан цэвэр хэсэг хайж байрласнаа тэнгэрийн од атгасан мэт иргэд хүлээж авч байна. Гэтэл Тохижилт үйлчилгээний газар, нийслэлийн засаг захиргааны газраас цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийж байгаа гэх тайлбарыг өгөв.