Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай санаачилгаа танилцуулан, түүхийн талаас нь зөвлөлдөв.
Түүхч Д.Өлзийбаатар “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Их хүрээний зургийг бурхач Жүгдэрээр ахлуулан нэртэй бурхач, зураачид бүтээсэн. Тус бүтээлд “Бат гүн” шоронг тодорхой дүрслэн буулгасан байдаг. Манжийн үеэс л улбаатай шорон байгаа юм. Хожим Ардын засгийн жилүүдэд өөрчлөгдөн, Төв гяндан буюу хорих байр болж, олноо “Бат цагаан” шорон хэмээн нэрлэгдэх болсон. Тухайн үеийн шоронгууд өндөр модон шургааган хашаатай байсан гэдэг. Тиймээс тэндээс хоригдлууд оргож чаддаггүйн дээр барилга нь цагаан өнгөтэй байсан тул олон түмэн тийн нэрийдсэн. Эх орныхоо төлөө тэмцэж байсан олон эр тэнд хоригдож байсан түүхтэй. 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон. Эмнэлгийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990-ээд оны үед барилга нь муудаж, жоом, бясаа үүрлэх болсон тул сууриар нь нураасан юм. Удалгүй “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болсон. Ер нь “East” төвийн тэр орчимд Богд хааны үеэс Америкийн пүүсүүдийн оффис байрлаж байсан тул “Американ дэнж” гэж нэрлэдэг байсан. Харин тэр хэсгээс зүүн тийш Офицеруудын ордон хүртэлх хэсгийг “Консулын дэнж” хэмээн нэрийддэг байв. “East” төвийн ойр орчим болоод түүнээс зүүн зүгт Энхтайваны өргөн чөлөөгөө дагасан замын хоёр талаар түүхэн дурсгалт барилга, байгууламж олон бий. Тиймээс Хотын даргын гаргаж буй цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг дэмжиж байгаа. Түүхчид маань ч дуу нэгтэйгээр дэмжих байх. Ер нь эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж байсан олон хүнийг хүндэтгэж, түүхээ таниулсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй. Иргэд ч амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжтай болно шүү дээ” хэмээв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид иргэд рүүгээ чиглэж, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа. Зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг ч үе шаттай буулгаж байна. Гэхдээ иргэдийн дунд гарааш, хашаа, хайсыг буулгаж, чөлөөлсөн талбарыг хэн нэгэн өмчлөөд авчихдаг гэх ойлголт байна. Өмнө нь тийм байсан байж болох ч одоо бол тийм зүйл байхгүй. Бид чөлөөлсөн талбаруудаа нийтийн эдэлбэрт бүртгэж, иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой” гэв.
Хотын дарга өнгөрсөн даваа гарагт “East” төвийн газар дээр ажиллаж, цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар эзэмшигч аж ахуйн нэгжийн удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР