ШӨХТГ-аас зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалттай холбоотой журамд өөрчлөлт оруулах саналыг Монголбанкинд хүргүүлжээ. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун “Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн чанаргүй ангилалд үндэслэлгүйгээр бүртгэн санхүүгийн үйлчилгээ хүртэх боломжийг олон жилээр хязгаарлаж байна” гэсэн гомдол гаргасан иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн зүгээс банк бус санхүүгийн байгууллага, цахим зээл, үүрэн холбооны үйлчилгээ, мөн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ(контор)-ний төлбөрийн үлдэгдлийг хүртэл Монголбанкны зээлийн мэдээллийн сан (хар жагсаалт)-ийн чанаргүй ангилалд хамааруулдаг талаар ярьж байлаа. Иргэдийн гаргасан гомдол саналыг судалж холбогдох арга хэмжээ авч ажиллахаа ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн мэдээллийн сангийн ашиггүй ангилалд мэдээлэл хүлээн авах, ашиглах, хяналт, хариуцлагын тогтолцоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй чиглэлээр хамтран ажиллах албан бичиг хүргүүллээ.
Уг албан бичигт зээлийн мэдээллийн сангийн ашиггүй ангилалд мэдээлэл хүлээн авах, ашиглах, хяналт, хариуцлагын тогтолцоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, цар тахлын дараах нөхцөл байдалд хэрэглэгчдийг санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нээх, санхүүгийн дарамт үүсгэхээс зайлсхийх, Иргэний хуулиар зохицуулагдах гэрээний үүрэг, үр дагавраас үүсэх маргаан бүхий харилцааг шүүхийн бус аргаар зохицуулж, эрхийг хохироохгүй байх, аж ахуй эрхлэгч болон хэрэглэгчийн хооронд бий болсон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бүртгэгдсэн хэрэглэгчдийн жагсаалтыг тогтмол судалж, журмын шаардлагыг хангасан иргэдийн зээлийн үйлчилгээ авах эрхийг нээн мэдээллийн сангаас хасах, журмын хэрэгжилтийг хангахдаа хэрэглэгчдийн эрхийг зөрчихгүй байх талаар тодорхой шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгаа талаар дурдсан байна.
Мөн банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани, цахим зээлийн үйлчилгээ, гурвалсан үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниуд, зарим тохиолдолд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийн талаарх мэдээллийг хамааруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд журамд өөрчлөлт оруулж, хамтран ажиллахыг Монголбанкнаас хүссэн байна.