АНУ-ын их, дээд сургуулиудад Монгол улсаас зуу зуун оюутнуудыг өөрсдийн хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн эрхэм бол өдгөө 92 насыг зооглож буй АНУ-ын иргэн Ричард Эрнест Күүк юм.
Тэрээр санхүү, эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд 35 жил Форд Моторс компанид санхүү эрхэлсэн захирал болон бусад удирдах албан тушаал хашсан ажлын туршлагатай. Ричард Күүк 1994 онд эхнэр Мэри Н.Күүкийн хамт Монголд 2-3 жил сайн дурын хүмүүнлэгийн ажил хийх хугацаандаа Сангийн Яаманд Зөвлөхөөр уригдан ажиллаж, дэлхийн түвшний санхүүгийн системийг Монголд анх нутагшуулах, санхүүгийн мэргэжилтнүүдийг сурган дадлагашуулсан ажээ. Түүнчлэн Монгол Улсын Их Сургууль болон Улсын Багшийн Дээд Сургуульд мэргэжлийн ном сурах бичиг нийлүүлэх, тусгай боловсролын болон англи хэлний сургалтуудыг зохион байгуулж байлаа.
Ричард Күүк Монгол Улсад сайн дурын ажлаа дуусгасны дараа нутагтаа буцан очихдоо Монголын залуучуудын боловсролын төлөө ямар нэгэн зүйл хийхээр сэтгэл шулуудсан бөгөөд 1995 онд Аризона мужийн ерөнхий шүүгч асан Чарлес Л.Харди зэрэг хүмүүстэй хамтран Mongolian Education Endowment Fund буюу Монголын төлөөх Боловсролын Санг байгуулж монгол залуусыг 4 жил суралцан бакалаврын зэрэг хүлээн авах тэтгэлэгт хамруулж эхэлснээр эдүгээ тус сангаас тэтгэлэг аван суралцаж буй монгол оюутнуудын тоо даруй 500-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 84 монгол оюутан гэр бүлийн хамт суралцаж байна. Оюутны нэг жилийн сургалтын зардал 24,000ам доллар ба 4 жил сурч төгсөхөд 96,000 ам. доллар болдог байна.
Оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдан суралцахдаа гэр бүл, үр хүүхдээ хамт авч явж, суралцах боломжтой бөгөөд сургуулийн зүгээс суралцах хугацаанд ажлын байр, орон сууц, эрүүл мэндийн даатгал зэргийг хангаж өгдөг. Мэргэжлийн хувьд эдгээр оюутнууд бизнесийн удирдлага, санхүү нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлал зочид буудлын менежмент, сэтгэл судлал, нийгмийн ажилтан, харилцаа холбоо, хүний нөөц, улс төр судлал зэрэг төрөл бүрийн чиглэлээр суралцаж байна.
Ричард Күүкээс монгол залуусын боловсролд оруулж буй энэхүү хувь нэмрийн талаар, тэтгэлгийн зорилгын талаар асуухад тэрээр “Монгол оронд болон Монгол хүмүүст туслах, тэр тусмаа Монголын хүүхэд залуус сайн боловсрол эзэмших нь Монгол улсын ирээдүйд маш чухал. Төгсөж ирсэн залуус маань улс орондоо сайн сайхан зүйлсийг хийж бүтээх хэрэгтэй” хэмээн хариулдаг аж.
Монгол хүний боловсролд оруулсан тус сангийн болон түүний хувь нэмэр, олон жилийн шаргуу хөдөлмөрт талархан төрийн зарим удирдлагууд хүлээн авч уулзсан бол “Монголын Боловсролын төлөөх Сан”-гийн тэтгэлэгийг хүртсэн АНУ-д их сургууль төгсөгчид болон тэдний гэр бүлийн гишүүд Сангийн Тэргүүн Ричард Күүк, эхнэр Мэри Күүк мөн түүний хүү Вильяам Күүк нарт талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсээр байна.