Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2022.09.14/ танилцууллаа.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн. Тухайн албан тушаалтан нь ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглосон ёс зүйн зөрчлийн талаар иргэнээс 11-11 төвд ирсэн. Тиймээс олон нийт 11-11 төвд авлига албан тушаалтантай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэл өгөхийг хүсье. Мөн өнөөдрийн хуралдаанаар гол нэрийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар Сангийн сайд танилцуулж, шийдвэр гаргасан.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг Сангийн сайд судалж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ.
Зам, барилгын салбарын өндөр ачаалалтай улирлын үед дөрвөн цементийн үйлдвэр байдаг ч “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр нь засвар хийхээр бүрэн үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ үед цементийн хомсдол зах зээлд үүсч, Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй тулгарч байна. Тиймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах ажлыг хийлээ. Цаашдаа энэ бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Бид гурван зүйлийн тэнцвэрийг маш сайн судалсан. Бид дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, эрэлт хэрэгцээнээс зөрүү гарвал импортын бүтээгдэхүүнээр хангах, эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой үнээр зах зээлийг хангах нь бидний зорилго.
Үлдсэн хугацаанд Дарханы замыг энэ жил хатуу хучилттай бүрэн хөдөлгөөнийг нээх зорилтыг тавьсан. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол аравдугаар сарын сүүлчээр Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг нээнэ. Дараа жил гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр замаа ашиглалтад оруулахаар ажиллана. Энэ жилийн хувьд бүрэн хөдөлгөөнийг нээхийн тулд ажлыг нь зогсоохгүйгээр цементээр хангах шаардлага үүсч буй.
Зах зээл дээр 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянган төгрөг болж буурах боломжтой. Ер нь “Монцемент”, “МАК” компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Цаашдаа дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүсч байгаа юм. Эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр.