Аливаа улс орны нийт хүн амын арав орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа бий.
Дэлхийд хөгжлийн бэрхшээлтэй 650 сая хүн амьдардаг бөгөөд эдгээр иргэнийг асран хамгаалж, харж хандахын тулд суралцах, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байгаа юм.
Манай улсын хувьд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тооцоо судалгаа байдаг. Эдгээр иргэн эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй байгааг бид анзаарсан ч анзаараагүй мэт амьдарсаар одоо мартах дөхөж. Хууль нь ч, хүний эрх нь ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүрэн төгс үйлчлэхгүй байгааг доор баримтад тулгуурлан сийрүүлье.
Мэдээллийн эрин зуун ба миний “мэдэхгүй” мэдээллийн эрх чөлөө
XXI зууныг мэдээллийн эрин зуун хэмээн хэлтэй, амтай болгон л хэлж ярьж байна. Гэхдээ “хэлгүй, амгүй” нь буюу сонсголын бэрхшээлтэй иргэд үүнтэй санал нийлэхгүй. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь хүн бүр хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар мэдээллийг эрж хайх, хүлээн авах, дамжуулах, түгээх эрх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон сонсголгүй иргэдэд эл эрхээ эдлэх боломж техник технологи өндөр хөгжсөн өнөө үед бүрэн дүүрэн биш ч “чамлахааргүй” хэмжээнд хангагдаж байна. Гэхдээ бидний хэлдгээр өндөр хөгжилтэй орнуудад л. Харин манай улсад ийм нөхцөл боломж бүрдэх нь битгий хэл бүрэлдээ ч үгүй. Эрүүл саруул уншигч та эл хүмүүстай адил чихээ бөглөчихөөд зурагт үзэж, радио сонсч мэдээлэл олж авах эрхээ эдлэх гээд үз. Зурагтаар дуртай кино тань гаравч дуугүй болохоор амьгүй мэт. Телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрөөр танд хамаатай асуудлыг яривч дүрснээс хэтрэхгүй.
Манай улсад 12 мянга гаруй сонсголгүй иргэн байдаг. Тэдний төлөөлөл Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны гишүүд болоод удирдах албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд ном, сонин сэтгүүлээс мэдээлэл олж авах боломжтой ч телевиз, радио тэдний хувьд ямар ч үүрэггүй. Дээр дурдсан өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр мэдээллийн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгохын тулд боломжит бүхий л хувилбарыг хэрэглэдэг. Манайд МҮОНТ-ээс бусад телевиз мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгээ дохионы орчуулагчаар орчуулдаггүй бөгөөд энэ нь сонсголгүй иргэдийг сонголтгүй болгож байгаа юм.
Мөн тэдний мэдээлэл олж авах эрхийг бүдүүлгээр зөрчиж буйгийн илрэл. Гэхдээ тус телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөрөө л дохионы орчуулагч, хэлмэрчээр хөрвүүлүүлдэгээс бусад нэвтрүүлэг нь сонсголгүй иргэдэд хаалттай. Мэдээ орчуулдаг дохионы орчуулагч нь ч дэлгэцийн доод буланд харагдахаасаа харагдахгүй шахуу жижгээр гардаг нь мөн л учир дутагдалтай. Гадаад улс орнуудад телевизийн экран буюу дэлгэцийн дөрөв хуваасны нэг тэр ч бүү хэл тал хэсэгт нь дохионы орчуулагч гаргадаг нь сонсголын бэрхшээлтэй иргэд тухайн мэдээ, нэвтрүүлгийг бүрэн дүүрэн ойлгуулж чаддаг аж. Сонсголгүй иргэдэд зориулан хадмал орчуулга бүхий кино хүртэл гаргадаг. Дүрүүдийн яриа болон дуу, шум зэргийг текст хэлбэрээр гаргаж үйл явдал, өрнөлийг бүрэн гүйцэд илэрхийлэхийг зорьдог. Хаалга онгойх, буун дуу гэх мэт дуу авиаг “Буугаар буудаж байна, хаалга онгойн чахрах дуу гарч байна” гэхчлэн тайлбарладаг нь эрүүл хүмүүстай адил тухайн киног бүрэн дүүрэн ойлгох боломж олгодог. Тэд хүний эрхийг ийн хангаж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь ялгаварлан гадуурхдаггүйн илрэл. Товчхондоо, манай телевизийн сувгууд нэвтрүүлж болохуйц ийм техник технологи, шинэчлэлт өдий хүртэл хийгээгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж буйгийн тод жишээ. Энэ тухай хуульчлаагүйн учир төр засаг, сайд дарга нар ч тэднийг ялгаварлан гадуурхаж эрхийг нь боомилж байгаа хэрэг.
Сонсголгүй иргэдэд тулгамдсан асуудал үүгээр өндөрлөхгүй. Төрийн үйлчилгээ, яаралтай тусламж авахад ч тэдэнд тулгарах саад их. Мөн сонгох болоод сонгогдох эрхээ ч эдэлж чадахгүй тохиолдол гардаг. Дөрвөн жил тутам УИХ-ын сонгууль мөн Ерөнхийлөгчийн сонгууль болдог ч мөрийн хөтөлбөрөө сонсголгүй иргэдэд зориулан дохионы орчуулгатайгаар хүргэдэг нь үгүй. Цаасан материал, сонин сэтгүүлээс нэр дэвшигчийн намтар түүх, мөрийн хөтөлбөрийг уншдаг ч сонгогч болоод сонгогдогчийн хооронд амьд харилцаа /дохионы орчуулгатай/ үүсдэггүйгээс тухайн хүнээ таниж мэдэх нь цөөн. Тийм ч учраас хэнийг сонгох, хэнд итгэл хүлээлгэж болох тухай сонсголгүй иргэд төдийлэн мэддэггүй, мэдээллээр хомс учир сонгуульд саналаа өгөх нь ховор.
Мөн хүн л болсон хойно яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлага тулгардаг ч яаралтай тусламжийн төв болох гал команд, цагдаагийн газар, эмнэлэг зэрэгт дохионы хэлний орчуулагч ажилладаггүй. Саяхнаас 101, 102, 103 тусгай дугаарууд мессэж хүлээн авдаг болсныг эс тооцвол энэ талын тусламж үйлчилгээ тун хомс. АНУ-д сонсголгүй иргэдэд үйлчлэх тусгай утасны оператор ажилладаг бөгөөд үйлчлүүлэгч өөрийн утас болоод компьютерээр тусгай дугаарт дүрсээр холбогдож дохины орчуулагчид ямар тусламж үйлчилгээ хэрэг болсон тухайгаа уламжилна. Улмаар орчуулагч шууд ярианы хэлээр хөрвүүлж цагдаагийн офицер, холбогдох хүмүүст уламжилдаг. Үүнтэй адил шуудан холбооны салбарт хүртэл сонсголгүй иргэдэд зориулсан дохионы орчуулагч ажилладаг ба тухайн орчуулагч нь сонсголын бэрхшээлтэй иргэний дохиог дүрсээр харж орчуулан нөгөө хүнд шууд дамжуулна. Нэг үгээр дохины хэлнээс ярианы хэл рүү шууд орчуулга хийж байна гэсэн үг. Магадгүй, дохионы хэл мэддэггүй хүн сонсголын бэрхшээлтэй хүнтэй утсаар ярих шаардлага гарвал энэ үйлчилгээг ашигладаг. Ямар нэг илүү зардалгүй энгийн утасны тарифаар ярьдаг эл үйлчилгээг манайд нэвтрүүлэх бүрэн боломжтой.
Түүнчлэн, үсчин, дэлгүүр хоршоо, худалдааны төвүүд хүртэл өөрсдийн зардлаар дохионы орчуулагч авч ажиллуулж сонсголгүй иргэдэд үйлчилдэг аж. Ямар ч үйлчилгээ байсан эрүүл, энгийн хүмүүст үйлчилдэг тариф, өртөгөөр үйлчилдэг бөгөөд дохины орчуулагч ашигласны нэмэлт төлбөр авдаггүй гэнэ. Энэ нь заавал төрийн байгууллагууд бус хувийн хэвшлийнхэн ч хүний эрхийг дээдэлж буй шинж. Мөн бизнесээ өргөжүүлэх зөв шийдэл гарц болж чаддаг аж.
Саяхан, МҮОНТ-ээр чихний эрүүл мэндийн тухай нэвтрүүлэг гарсан ч дохионы орчуулагч, хэлмэрчгүйгээр цацагдсан нь сонсголгүй иргэдийг багагүй ундууцуулсан аж. Энэ тухай “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагч Л.Соёлмаа “Чихний эрүүл ахуй болоод сонсголгүй иргэдийн тухай ярьж байгаа хэр нь дохины орчуулагчгүйгээр цацагдсан нэвтрүүлэг сонсголын бэрхшээлтэй иргэдийг доромжилж байгаагаас өөрцгүй. Энэ нь, хөлгүй хүнд гутал өгч байгаагаас ялгаагүй шүү дээ” хэмээж байв. Энэ мэт сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн эрх чөлөө хаалттай байгаа нь төрийн байгууллагаа болоод холбогдох яам, тамгын газар, агентлагуудтай шууд холбоотой асуудал. Ер нь, хэн ч хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй болж болох учир энэ нь хүн бүрт хамаатай хэрэг.
Үүнээс гадна дохионы орчуулагчийн сургууль ч байхгүй. Манай улсад мэргэжлийн дохионы орчуулагч гарын арван хуруунд багтахуйц цөөн байдаг. Орчуулга хийх анхан шатны мэдэгдэхүүн, чадавхитай 30 орчим хүн байдаг бөгөөд нэг ёсондоо дохионы орчуулга хийх боломжтой 40 орчим хүн байна гэсэн үг. Хэдий цөөн ч гэлээ тэдгээр хүн эл ажил мэргэжлээрээ ажиллах сонирхол ихтэй ч ажлын байргүйгээс өөр салбарт ажиллах нь их. Төрийн байгууллагууд дохионы орчуулагч авч ажиллуулахаасаа авахгүй нь их байхад хувийнхан бүр ч үгүй.
Манайхан хэвлэлийн эрх чөлөөнд хир халдаахгүй хэмээн сүүлийн үед тэмцэж буй. Гэтэл сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл олж авах, түгээх эрхийг хангахын төлөө тэмцдэг бил үү. Мэдээллийн эрин зууны хэлмэгдэгсэд болох сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр гэж нэг ч үгүй. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай телевизийн суваг яагаад байж болохгүй гэж. МҮОНТ-ийн телевизийн хоёрдугаар суваг буриад, казах хэлээр нийтлэл нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөрөө нэвтрүүлж байна. Буриад, Казахууд үндэсний цөөнх болохын хувьд энэ нь тэдний эрх. Сонсголгүй иргэд дохионы хэлээр харилцдагийн хувьд ч үндэсний цөөнх. Тийм болохоор тэдэнд зориулсан телевизийн суваг байх нь зүй ёсны хэрэг. Мэдээллийн эрин зууны хэлмэгсэд болох сонсголгүй иргэдийн эдэлж буй мэдээллийн эрх чөлөө гэж байна уу.
Эдлэхэд бэрх эрх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу дээр хийсэн гаргалгааны дагуу үндэсний “цөөнх”-ийн төлөөлөл бол хараагүй иргэд. Эдгээр хүн ч мөн адил эрхээ эдлэхээсээ эдлэхгүй нь их. Мөн л хэвлэл мэдээллийн салбарт тэдний эрх ашигт нийцсэн эрхзүйн орчин бүрдээгүй. Мэдээллийн хүртээмжийн эрх тэгш байх болоод эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах тухайд тэдэнд чиглэсэн ямар ч хууль дүрэм, бүтээн байгуулалт гэж үгүй. Сохорсон бол хохь чинь гэсэн мэт хараагүй иргэдийг хайхрахгүй байх нь их. Төрийн үйлчилгээний байгууллагууд болон нийгмийн бүхий л салбарын үйлчилгээ тэдэнд бүрэн дүүрэн хүртэхгүй. Наад зах нь, явган хүний зам талбай, налуу шатнаас авахуулаад аюулгүй байдлыг нь хангасан нийгмийн халамж үйлчилгээ тун хомс.
Өнгөрсөн зун хотод цөөнгүй гудамж талбай, автозам, уулзвар гарцыг өргөтгөн шинэчилсэн ч хараагүй иргэдэд зориулсан нь нэг ч үгүй. Нийгмийн харилцаанд орохын тулд зайлшгүй хүний тусламж дэмжлэг шаарддаг эдгээр хүнд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй л байна. Хараагүй байтугай хараатай бидэнд ч явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж талбай гэхээр юм үлдээгүй энэ үед тэдний хувьд хотын гудамжаар явна гэдэг эрсдэл ихтэй зүйл. Мөн л өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан бүтээн байгуулалтыг энд дурдах нь зүйтэй. Австралид явган хүний зам нь хараагүй иргэдэд зориулсан тусгай дуу гаргаж зүг чигийг нь хөтлөдгөөс гадна хөлд нь мэдрэгдэхүйц овгор, товгортой байдаг гэнэ. Мөн гарцаар гарахад улаан гэрэл ассан бол дуут дохио өгнө. Мөн ногоон гэрэл асч гарцаар гарч болохыг нь илтгэсэн өөр нэгэн дуут дохио дуугарна гэхчлэн хараагүй иргэдийн замын хөдөлгөөнд бие даан оролцох бүхий л боломжоор нь хангасан байдаг аж.
Манай улсад 2011 онд хийсэн судалгаагаар 15 мянга орчим хараагүй иргэн бий гэсэн тоо гарчээ. Эдгээр иргэний дийлэнх нь төрөлхийн болон буруу эмчилгээний үр дүнд хараагүй болсон байдаг. Тэдний нэг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны олон нийттэй харилцах албаны дарга Ж.Батноовтой уулзаж ярилцсан юм. Түүнийг ой гарантай байхад нүд нь өвдсөний улмаас эмч нар буруу дусаалга хэрэглэж хорвоог харах хоёр нүдийг нь сохолжээ. Дөнгөж нэг ойтой байхдаа харах чадвараа алдсан учир төрөлхийн хараагүй гэж ойлгож болох түүнтэй уулзахаар МХҮХ-ны дэргэдэх хараагүйчүүдийн орон сууцанд байх гэрт нь очсон юм. Дөрвөн давхар хуучны тоосгон барилга хараагүйчүүдэд зориулагдсан гэх ч хараагүй иргэдийн ахуй амьдралд нийцсэн орчин нөхцөл огтхон бүрдээгүй аж.
Үүдэндээ жижүүр ч үгүй орон сууц бохир заваанаас гадна цахилгаан шатгүй. Угтаа, хүний эрхийг дээдлэгч барууны орнуудад хоёр давхар байшин байсан ч хараагүй хүн оршин суудаг л бол цахилгаан шаттай байдаг. Мөн явган шатны бариул, гишгүүр гээд хамаг л юм хальтирч унах, төөрч будлихаас сэргийлсэн чиглүүлэгч, дуут дохио зэргээр тоноглогдсон байдаг. Тэр ч бүү хэл, давхар бүрийн шатны хамгийн дээд талын гишгүүрт гишгэхэд тухайн давхрын тоог дуут дохиогоор илэрхийлдэг. Гэтэл улсдаа ганц гэгдэх хараагүйчүүдийн орон сууц нь энгийн барилга байшинтай яг адил. Мөн 48 айл л оршин суух багтаамжтай. Гэтэл 15 мянга орчим хараагүй иргэд байдаг тухай дээр өгүүлсэн. Ж.Батноовтой уулзаж ярилцах үеэр хамгийн ихээр сэтгэл гонсойлгосон юм нь мөн л мэдээллийн хүртээмжтэй байдал болоод сурч боловсрох эрх.
Хараагүй иргэдийн хувьд мэргэжил эзэмших боломж тун хомс. Гар урлалын чиглэлээр гарын ур дүйтэй цөөн хэд нь ажиллахаас бусдад нь амьдрал, амьжиргаагаа залгуулах ажлын байр олдох нь цөөн. Хараагүй иргэдийн хамгийн зөв шийдэл бүхий ажлын байр нь массажист гэнэ. Учир нь, харах нүдгүй хүмүүс гарын мэдрэмж сайн хөгжсөн байдгаас энэ ажлыг хийхэд илүү дөхөмтэй байдаг аж. МХҮХ-ны хувьд Японы хараагүй иргэдийн холбооноос мэргэжлийн массажжист авчран сургалт зохион байгуулж цөөнгүй гишүүдээ массажист болгоод амжсан гэнэ. Үүнээс өөр ажил мэргэжил эзэмших боломж бололцоо нь хомс учир ихэнх нь группийн мөнгөөрөө л амьдардаг аж. Энэ мэт хараагүй иргэдийн зовлон тоочоод тоочоод барагдахгүй.
Автобус унаанд суухаас гадна үйлчилгээний байгууллагуудад ч тэдний эрх ашиг ямагт зөрчигддөг. Дээр хэлсэнчлэн, манай улсын нийт хараагүй иргэдийн 70 орчим хувь нь буюу арав орчим мянган хүн нь буруу эмчилгээ болон үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалж харах чадвараа алдсан байдаг аж. Харах чадваргүй ч хүн л бол хүн. Тэдний хамгийн ихээр зөрчигддөг эрх болох сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Сайн хууль баталж түүнийгээ амьдралд бодитоор хэрэгжүүлэх нь хараагүй иргэдийг хамгаалж, ялгаварлан гадуурхахгүй байхын үндэс.