Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын гурван талт уулзалт өнөөдөр /2022.09.15/ Узбекистаны Самарканд хотноо болж байна. ОХУ ба Хятадын удирдагчид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцохоор Самаркандад ирээд буй. Энэ хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Иран, Киргиз, Пакистан, Туркменистан, Узбекистаны удирдагчидтай уулзах аж. Харин маргааш Азербайжан, Энэтхэг, Туркийн удирдагчидтай уулзах юм байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад Хятад, Казахстан, Киргизстан, Орос, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан багтдаг. Харин Афганистан, Беларусь, Монгол, Иран улсууд ажиглагч орны тоонд багтаж байна. Армен, Азербайжан, Камбож, Балба, Шри-Ланка, Турк зэрэг нь түнш орнууд юм. Түүнчлэн сүүлийн үед ШХАБ-т элсэх хүсэлтээ илэрхийлсэн улс ч хэд хэд байгааг “Tass” агентлаг мэдээллээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг уулзалтын талаар мэдээлэхдээ олон улсын чухал харилцаа холбооно тогтооно гэж мэдэгдсэн. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: SWISS INFO, TASS