Монгол Улс хөрөнгө оруулагчдаас уучлалт гуйж, өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг сэргээн шалгах зэрэг арга хэмжээ авч буй.
Эдийн засгаа хөгжүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх ганц боломж нь хөрөнгө оруулалт татах гэдгийг бүх түвшиндээ хүлээн зөвшөөрөөд энэ үед Хөрөнгө оруулалт тухай хууль анхаарал татаж байгаа билээ.
Тус хуулийн төслийн талаар болон хөрөнгө оруулалт, мөн Оюутолгойн хэлэлцээрийн явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа. Тэрбээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд ирэх сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.
-Хөрөнгө оруулалтын тухай хууль сүүлийн үед анхаарал татаж байна. Энэ хуульд хөрөнгө оруулагчдад ээлтэй ямар шинэ зохицуулалтууд хийхээр төлөвлөж байна вэ?
-2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт хийх асуудлыг зохицуулдаг. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сард байгуулснаас хойш олон судалгаа хийж, хэлэлцүүлэг үе шаттайгаар зохион байгуулсан. Хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлууд болон хөрөнгө оруулалтын орчныг бодитойгоор сайжруулж, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуулийн төсөл боловсруулж байна.
Хуулийн төсөлд юуны өмнө хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, татах, сурталчлах чиглэлд төрийн байгууллагуудын гүйцэтгэх чиг үүргийг тодорхой тусгасан. Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэгт хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлого хамаардаг. Тус яамны харьяа Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг 2023 оноос байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, хөрөнгө оруулалтын дэмжлэг, баталгаа зэрэг асуудлыг илүү ойлгомжтой, тодорхой байдлаар зохицуулахаар оролцогч талуудтай санал солилцсон. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтоос эхлээд хуулийн этгээд үүсгэн байгуулах процессын асуудалд мөн тодорхой санал их ирсэн.
Нөгөө талаас бид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бодитоор үйл ажиллагаа эрхэлж, аж ахуйн үйл ажиллагаатай уялдсан баталгаа, дэмжлэгийг авдаг байхад анхаарлаа хандуулж байна. Төрийн байгууллагуудын уялдаа, хяналт чухал. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг мөн судалж төсөл боловсруулсан.
-Төсөлд гадаадын худалдааны танхимууд саналаа хэлж байгаа гэсэн. Ямар саналууд голчлон ирж байна вэ? Тусгах боломжтой шинэ санаа юу байсан бэ?
-Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилт нэг мөр байх, ойлгомжтой, тодорхой зохицуулалтын орчинтой байх талаар санал их ирүүлсэн.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим заалт практикт хэрэгжээгүй, бусад салбарын хуулийн зохицуулалттай уялдаагүй байсан зэрэг шүүмжлэл, санал ирсэн. Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын статус, чиг үүрэг сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байсан нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн болов уу.
Мэдээллийн технологи, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад гадаадын хөрөнгө оруулагч тус бүр дор хаяж 100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагыг өөрчлөх саналыг мөн ирүүлсэн. Олон улсын хөгжлийн байгууллагуудаас ирүүлж буй саналд мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувь нийлүүлсэн хөрөнгөд өндөр үнийн дүнтэй босго тавьдаг нь үр өгөөжтэй эсэх дээр дахин эргэн харах нь зүйтэйг тодорхой тусгасан байсан.
Манай улсын хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлдөг асуудал бол маргаан шийдвэрлэхэд хугацаа их алддаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаашралтай байдал. Гэрээний хэрэгжилтийн асуудал гэсэн үг л дээ. Энэ бол Хөрөнгө оруулалтын хуулийн хамрах хүрээнээс гадуур хууль эрх зүйн орчин, институтийн цогц асуудал. Хууль зүй, дотоод хэргийн яам Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон арилжааны хуулийн төслүүдийн ажлын хэсэг байгуулан холбогдох судалгааг хийж байна.
-Канадад болсон PDAC-ийн үеэр УУХҮ-ийн сайн асан Г.Ёндон Монгол Улс хайгуулын салбарыг бүрэн дүүрэн дэмжинэ гээд хөрөнгө оруулагчдыг орж ирэхэд нээлттэй гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн байсан. Гэвч Монголд энэ байр суурь иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой юу, ямар ч байсан өөрчлөгдсөн гэсэн мэдээлэл байсан. Засгийн газрын байр суурь ямар байгаа вэ?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхлэх асуудалтай холбоотой асуулт байна. Тус яамнаас хайгуулын салбарыг дэмжинэ гэсэн байр сууриа өөрчилсөн мэдээлэл надад алга. Манай улсад оруулсан нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь геологи, хайгуул, уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт байдаг. Ашигт малтмалын нөөц ихтэй, хангалттай хэмжээнд судлагдаагүй гэдэг утгаар геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол их байсан.
2021 оны III улирлын байдлаар хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт тоо 850 байгаа нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 2.6%-ийг хамардаг, мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1,706 байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 1.1%-ийг хамарч байна. Мэдээж геологи, хайгуулын салбар хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаарддаг, эрсдэл өндөртэй.
2016 оноос хойш геологи, хайгуулын салбарт оруулсан хувийн хөрөнгө оруулалт жил бүр буурсан үзүүлэлттэй байна. Ирүүлсэн тайлангаас харахад 2016 онд хувийн хөрөнгө оруулалт 175 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 99 тэрбум төгрөг болж буурсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг эрхлэн хөтөлдөг. Энэ чиг үүргийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэсэн. Энэхүү журмаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цахимаар сонгон шалгаруулж олгох асуудлыг тусгасан. Ингэснээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон нийтийн хяналт дор ил тод, нээлттэй, шударга өрсөлдөх, тэгш боломжоор хангах зарчмыг баримтлан зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр салбарын яамнаас тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ журам шинэчлэгдэн батлагдсанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулах асуудлыг зохицуулж байсан өмнөх журмууд хүчингүй болсон.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой. Сонгон шалгаруулалт хийх журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар баталдаг.
-Хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг, залгамж чанарыг чухалчилдаг. Гэвч манай зарим зохицуулалтаар тогтвортой байдлын гэрээг зарим ашигт малтмалын салбарт, тодруулбал уран дээр л гэхэд 10 жил тутам хийх зохицуулалттай гэж ойлгож байгаа. Ийм нөхцөлд урт удаан хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзээ төрүүлэхүйц мэт?
-Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх мэдээж чухал. Гэхдээ нөгөө талаас огт өөрчлөгдөхгүй нөхцөл байдал гэж байхгүй шүү дээ. Бид Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж байсан. Энэ гэрээг тодорхой давтамжтайгаар дүгнэх, эргэж харах заалт гэрээнд байдаггүй. Урт хугацаагаар байгуулж буй гэрээг нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн тохиолдолд эргэж харах, талуудын эрх ашгийг хамгаалж тодорхой тохируулга хийдэг байх зарчмыг аль ч эрх зүйн систем хүлээн зөвшөөрдөг.
Хөрөнгө оруулалтын гэрээгээр олгодог тодорхой дэмжлэг, баталгаа бол татварын хувь хэмжээ тогтвортой байх гэх мэт асуудал байдаг. Мэдээж хөрөнгө оруулалтын зардал ихтэй томоохон төслийг хэрэгжүүлэхэд тогтвортой байдал чухал ч нөгөө талаас 30 жилийн хугацаа үнэхээр шаардлагатай юу. Аль ч томоохон компани өөрсдийн стратеги, төлөвлөгөөг 30 жилээр боловсруулж мөрддөггүй болов уу.
-Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой Казиногийн тухай хууль Бооцоот морин уралдааны хууль гэх мэт цоо шинэ хуулиудыг өргөн барих сурагтай байсан. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу? Ямар зохицуулалт хийх төлөвлөгөөг төсөлд тусгаж байгаа бол?
–Хууль зүй, дотоод хэргийн яам Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай болон Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг боловсруулж олон нийтээс санал авч байна. Манай яамны вэб хуудас(www.mojha.gov.mn)-т хуулийн төслүүдийг байршуулсан. Эдгээр хуулийн төслийг боловсруулах практик шаардлагын хувьд хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгад тодорхой мэдээлэл, судалгааг оруулсан.
Тухайлбал, 2001 оны Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож болохоор зохицуулсан бөгөөд иргэн, аж ахуйн нэгжээс энэ төрлийн тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлдэг боловч казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн ялгаа, зохицуулалтын шаардлага төдийлөн тодорхой бус байснаас шалтгаалж 2006 оноос хойш энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй.
Манай улсын хувьд казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хориглодог. Технологийн хөгжлийг дагаад энэ төрлийн үйл ажиллагааг цахимаар эрхлэх боломж бүрдэж, гадаадын хуулийн этгээдийн энэ төрлийн үйлчилгээг цахимаар иргэд авах нь нэмэгдэж байгааг судалж, анхаарах зайлшгүй шаардлагатай болж байна.
Судалгаанаас харахад 2021 оны байдлаар сар бүр дор хаяж 10 гаруй тэрбум төгрөгийг цахимаар бооцоот тоглоомын үйлчилгээ авах зорилгоор гадаад улсууд руу шилжүүлсэн байна. Энэ нь нэг талаас залилан гэх мэт болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос иргэдээ хамгаалах, тодорхой хяналт, зохицуулалттай, аюулгүй орчинд энэ төрлийн үйлчилгээг авах боломжийг бий болгохоос гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчилж, хөрөнгө оруулагч тал тодорхой саналууд тавьсан. Энэ хэлэлцээний явц ямар шатандаа байгаа вэ? Эцэслэсэн гэж ойлгож болох уу? Сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?
-“Оюу толгой” төслийн үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдуулж баталсан буюу “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Засгийн газрын зарим гишүүд өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж байна.
Яриа хэлэлцээ эцэслээгүй, дуусаагүй. Бид Лондоны олон улсын арбитрын шүүхэд арбитрын маргааныг түр түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. “Оюу толгой” компани 2018, 2020 онд гарсан нийт 1 их наяд төгрөгийн татварын актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. “Рио Тинто” компанийн зүгээс аль болох зөвшилцөх саналыг дэвшүүлсэн. Бид мэдээж өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд татварын маргааныг шийдвэрлэх шаардлагатай. Мөн мэдээллийн тэнцвэргүй байдлыг бүрэн арилгаж, “Оюу толгой” компанийн засаглалыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.
-Засаглалыг сайжруулах гэснээс “Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурсес” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах саналын талаар мэдээллүүд гарч байна. Энэ үйл явц манай улсад ямар үр дагавартай вэ? Тус компанийн зүгээс ямар нэгэн нөлөөлөл байхгүй гэж тайлбарлаад байгаа шүү дээ.
–”Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ буюу компанийн засаглалын суурь асуудлыг зохицуулсан гэрээ өөрчлөгдөх хүлээлт үүсээд байна. Тодруулбал, тус компанийн 66%-ийг эзэмшдэг “Туркойс Хилл Ресурсес” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшдэг 49%-ийг худалдаж авах саналыг “Рио Тинто” компани гаргасан. “Туркойс Хилл Ресурсес” компанийн хувьцаа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг учраас тухайн улсуудын үнэт цаасны хууль тогтоомж, биржийн дүрмийг баримталж энэ асуудал шийдвэрлэгдэнэ. “Рио Тинто” хувьцаа худалдаж авах саналаа хоёр ч удаа эцсийн санал болохыг мэдэгдэж, нэгж хувьцааг 43 канад доллароор худалдаж авахыг санал болгосон. Үүнийг” Туркойс Хилл Ресурсес” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ дэмжихийг санал болгосон. Улмаар 2022 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр товлосон байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх байсан боловч хурал хоёр ч удаа “Рио Тинто”-ийн хүсэлтээр хойшлоод байсан бол зохицуулах байгууллагын шаардлагаар дахин хугацаагүй хойшилсон.
Ерөнхийдөө “Рио Тинто” хангалттай хэмжээнд дэмжсэн санал авах нь баталгаажаагүй байсны улмаас хувьцаагаа худалдахын эсрэг байр суурь илэрхийлсэн Пентвотер, Сэйлингстонес зэрэг хөрөнгө оруулалтын хоёр сантай тусдаа гэрээ байгуулж, маргаан шийдвэрлэх процессын хүрээнд илүү өндөр үнээр хувьцаагаа худалдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь үнэт цаасны зохицуулах байгууллагын анхаарлыг татаад байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийг ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчмыг зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй талаар мэдээлэл аваад байгаа. Бидний хувьд “Туркойс Хилл Ресурсес” компанийн хувьцаа эзэмшлийн бүтэц өөрчлөгдөж болзошгүй энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна.
-Оюутолгой төсөлтэй холбоотой өөр ямар асуудлууд дээр Ажлын хэсэг анхаарлаа хандуулж байгаа вэ?
-Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолыг бүхэлд нь хэрэгжүүлэхэд Ажлын хэсэг анхаарлаа хандуулж байна.
103 дугаар тогтоолд “Оюу толгой” компанид ногдуулсан татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх томоохон асуудал туссан. Татварын маргаан бүрэн шийдвэрлэгдээгүй.
Түүнчлэн, Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтад санхүүжилт, зардалд хөндлөнгийн аудит хийлгэх, төслийн ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай. Оюутолгой төслийн гүний усны хэрэглээнд орон нутгийн иргэдийн зүгээс санаа зовж, усны төлбөрийн зөрүүтэй байдлыг арилгах саналыг гаргадаг.
Орон нутгийн иргэдийн ундны улсын төлбөр “Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн зориулалттай ашиглаж буй усны төлбөрөөс өндөр байдаг асуудлыг мэдээж анхаарах шаардлагатай. Тус компани усны хэрэглээндээ мөн анхаарч “Гүнээсээ хайрлая” гэх мэт тодорхой аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай боловч орон нутгийн иргэдийг сайн сонсох, үр дүнтэй хамтарч ажиллахад анхаарлаа хандуулах нь чухал байна.
-Хөндлөнгийн аудитын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Оюутолгой төслийн гүний уурхайн зардал, санхүүжилтэд хийх хөндлөнгийн аудитын хувьд “Оюу толгой” компанийн ТУЗ-өөс энэ асуудлаар шийдвэр гараад даруй нэг жилийн хугацаа өнгөрсөн боловч ТУЗ-ийн Тусгай хорооноос аудитын цар хүрээг баталснаас өөр үр дүн гараагүй байна.
Нэгэнт гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх нь оролцогч талуудын хувьд эргэлзээг арилгаж, итгэлцлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. “Оюу толгой” компанийн гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл болох ТУЗ-ийн гишүүд энэ асуудалд нухацтай хандана гэж найдаж байна.