Монгол Улсын Засгийн газар ‘Шинэ сэргэлтийн бодлого’-ын хүрээнд эрчим хүчний салбарын сэргэлтэд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд 2022 оны зургадугаар сард Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар хангах зорилгоор Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл өргөтгөлийн ажил албан ёсоор эхлээгүй байна. Тиймээс станцын өргөтгөлийн ажил аль шатандаа удаашралтай байгаа талаар холбогдох удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
Станцын удирдлагууд өргөтгөлийн ажил хийх гүйцэтгэгч компани шалгарч, ажлаа эхлүүлэхэд бэлэн хэдий ч санхүүжилттэй холбоотой гэрээний асуудал удаашралтай байгааг хэлсэн. Гэрээ эцэслэгдэн шийдвэрлэгдсэн тохиолдолд гүйцэтгэгч компани 16 сарын дотор станцын өргөтгөлийг хийж дуусгах юм.
Ингэснээр өнөөдрийн байдлаар 60000 орон сууц, 8000 аж ахуйн нэгжийн 4.4 сая мкв талбайг дулаанаар хангадаг байдал 20.000 орон сууц, 2500 аж ахуйн нэгжээр нэмэгдэж, Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар хангах боломж бололцоо бүрдэнэ.