Авлигатай тэмцэх газраас өчигдөр (2022.11.16) 11.00 цагаас эхлэн шөнийн 02.00 цаг хүртэл нүүрснийхэнтэй холбоотой 24 объектод үзлэг нэгжлэг хийж, 33 хүнийг дайчлан байцаажээ. Байцаагдсан хүмүүс дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ТӨХК болон гүйцэтгэгч гэрээтэй байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм. Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ын хэд хэдэн объектод нэгжлэг хийж, тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг байцаажээ.
Авлигатай тэмцэх газраас энэ талаар тодруулахад “Нүүрсний хулгай, луйврыг шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгээр өгнө” гэв. Эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас “нүүрсний хулгай”-н хэрэгт холбоотой хэд хэдэн хүнийг яллагдагчаар татах, дайчлан баривчлах саналыг прокурорт хүргүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.