Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас санал болгосноор томилж байв. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг бөгөөд Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусч, одоо УИХ-аас нэр дэвшүүлэн түүний орны хүнийг томилох учиртай.
Улс төрийн хүрээнд Д.Одбаярын оронд томилогдох Цэцийн гишүүнээр Ц.Нямдорж яригдаж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас буулгахдаа ч түүнийг энэ албанд томилно хэмээж байв.
Гэвч сүүлийн үед энэ яриа, тохироо өөрчлөгдөж, Ц.Нямдоржийг гадаадад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилохоор болсон гэх бор шувуу Төрийн ордноор жиргэх болжээ. Ц.Нямдоржийн хувьд Гадаадад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар суух суудлаа “голж”, ихэд ууртай байгаа гэх яриа ч бий. Ц.Нямдоржоос гадна МАН-д Д.Лүндээжанцан гэж хүн бий. Түүнийг мөн Цэцийн гишүүнээр томилж магадгүй гэсэн яриа гараад удаж буй.
Тиймээс Цэцийн шинэ гишүүнээр Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын нэг нь томилогдох болов уу гэсэн хардлага байна. Албан бус мэдээллээр Ц.Нямдоржийг Д.Одбаярын оронд, харин 2023 оны зургадугаар сард Н.Чинбатын оронд Д.Лүндээжанцанг томилох талаар тохирсон гэх мэдээлэл ч бий.
Харин өнгөрсөн долоо хоногийн МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын улираан томилох нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн Д.Одбаярыг одоогийн гишүүнээр нь үлдээх ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлжээ.