Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ‘Тавантолгой төмөр зам’ ХХК болон ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн удирдлагыг нэгтгэх шийдвэр гаргажээ.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ ‘Засгийн газар олон талт, эмх замбараагүй, цэгцгүй, хоорондоо уялдаа холбоогүй, бодлогын хувьд дутагдалтай байгаа зүйлүүдийг барьж авч, ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ‘Улаанбаатар төмөр зам’, ‘Монголын төмөр зам’, ‘Тавантолгой төмөр зам’, ‘Зүүнбаян төмөр зам’ гэх мэт төмөр замын компаниуд хэд хэд бий болсон. Ийм олон төмөр замын компани ажиллаж байгаагийн уршгаар тухайн салбар нь өөрөө хөл дээрээ босох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тал дээр ихээхэн дутагдал бий болж байна.
“Улаанбаатар төмөр зам”-ын хувьд ОХУ-тай хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас дангаараа үйл ажиллагаа явуулна. Харин Монгол Улсын хувьд өөрийн гэсэн үндэсний төмөр замын томоохон компанитай болох зорилтыг тавьж ирсэн.
Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэдэн талд бий болчхоод байгаа төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд ‘Тавантолгой төмөр зам’ ХХК-ийн удирдлагын эрх мэдлийг ‘Монголын төмөр зам’-д шилжүүлэхээр боллоо.
Өмчлөлийн хувьд мэдээж төмөр зам нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас хийгдсэн хөрөнгө оруулалтаар бий болсон тул 66 хувь нь тус компанийн мэдэлд, 34 хувь нь ‘Монголын төмөр зам’-ын мэдэлд байна. Тэгвэл гүйцэтгэх удирдлагыг томилох болон мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг, эрхийг 100 хувь “Монголын Төмөр зам” компанид шилжүүлж байна. Ингэснээр Монголын төмөр замын нэгдсэн бодлого хэрэгжиж эхэлнэ.
Түүнээс гадна, ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК байгуулагдсанаас хойш төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, комисст хүлээлгэж өгөх процесс одоо явагдаж байна. Тус компани байгуулагдаад өөрийн үүргээ гүйцэтгэлээ гэж Засгийн газраас үзэж байгаа тул 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ‘Зүүнбаян төмөр зам’ компанийг татан буулгаж, удирдлага, менежментийн асуудлыг “Монголын төмөр зам” компанид 100 хувь шилжүүлэхээр болсон” гэлээ.