Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр Саудын Арабын хаан, хунтайж нартай уулзаж, бүс нутаг дахь харилцаа холбоогоо бэхжүүлэх алхмыг хийлээ. ОХУ-аас Украинд явуулж буй дайн сунжирч, олон улсын хориг арга хэмжээнүүд эрчимжиж буй энэ үед Хятадын төрийн тэргүүний Саудын Араб дахь айчлал олон улсын анхаарлыг татаж байна. Айлчлалаар Ши Жиньпин ямар асуудлыг хөндөн ярьсан нь тодорхойгүй ч Эр-Риядын сонинд мэдээлэхдээ, “Хятад, Арабын орнуудын хоорондох харилцаа 2000 гаруй жилийн түүхтэй” гэдгийг онцолжээ.
Мөн зөнч Мухаммедын хэлсэн “Хятад хүртэл явах шаардлагатай болсон ч мэдлэгийг эрэлхийл” гэсэн үгийг тус буланд иш татсан байна.
Харин Ши Жиньпин хэлэхдээ, “Арабууд тусгаар тогтнолыг үнэлж, гадаадын хөндлөнгийн оролцоог эсэргүүцдэг бөгөөд хүчний улс төрийн эсрэг зогсож, үргэлж ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг” гэжээ. Түүнчлэн тэрбээр Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсуудыг нэгтгэсэн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл нь дэлхийн эдийн засагт “түлшний сав” болдог гэдгийг онцолсон байна.
Хятад нь түүхий нефтийн хамгийн том хэрэглэгч орон бөгөөд Саудын Арабаас импортын хараат байдаг. Жил бүр Саудын Арабаас түүхий нефть импортлоход Хятад улс олон тэрбум ам.долларыг зарцуулдаг аж.
Мухаммед хунтайжийн Улаан тэнгист байгуулахаар зорьж буй Неом футуристик хотыг байгуулах 500 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтад Хятад улс оролцох хүсэлтээ илэрхийлжээ.
Гэтэл АНУ-ын зүгээс “Huawei” компанитай хамтарч ажиллах нь тагнуулын аюултай талаар өмнө нь Персийн булангийн орнуудад анхааруулсан.
АНУ-ын анхаарал дэлхийн өөр өнцөг рүү чиглэсэн тул Персийн булангийн Арабын орнууд гадаад бодлогоо өөрчлөхийг хичээж байна гэж ажиглагчид дүгнэж байна.
Үүнээс гадна уйгур болон бусад мусульман үндэстний цөөнхийн эрх ашгийг зөрчсөн Хятадын үйлдэлд Саудын Араб халхавч болж өгсөн гэж шүүмжлэгчид үзэж байна. Хятадын алс баруун хязгаарын Шинжаанд сая гаруй хүнийг хорих төвүүдэд хорьж, хүчээр шашнаас нь татгалзуулж, Ши болон намдаа үнэнч байх тангаргийг хүчээр өргүүлж байна гэж олон улс мэдээлж буй. Цар тахлын үеэр гадагшаа айлчлаагүй Ши Жиньпин олон улсын хүчирхэг удирдагч гэсэн статусаа бэхжүүлэхэд Саудын Арабт хийсэн айлчлал чухал нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид харж байна. Айлчлалынхаа үеэр Ши Жиньпин Хятад-Арабын орнуудын чуулга уулзалт, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS