Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг орон нутгийн өмчит “Тавантолгой” компанид явуулсан шалгалтын явцын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “АТГ болон ЦЕГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагааны хамтарсан баг зарим хэргийг сэргээн ажиллаж байна. Ихэнх бичиг баримтыг мөрдөн шалгах баг хураасан тул миний бие бүх баримттай танилцах боломжгүй.
Засгийн газраас жижиг “Тавантолгой” компанийн хувьцааг аль нэг төрийн байгууллагад шилжүүлэхгүй гэдгийг мэдэгдэж байна.
Тавантолгойн бүлэг ордтой холбоотой хоёр асуудал байгааг сэтгүүлчид ойлгох хэрэгтэй.
- Мөргөцгийг бүртгэлгүйгээр хил давуулсан эсэхийг тодорхой болгоно. Хилээр бүртгэлгүй гаргасан уу, эсвэл шатсан уу гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтооно.
- Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас хууль бусаар 340,000 тонн нүүрс олборлосон гэх хэргийг мөн шалгаж байгаа.
Хоёр компанийн ашиглалтын талбай хил залгаа учраас техникийн асуудал гарсан гэдгийг албаныхан хэлсэн. Энэ асуудалд хөндлөнгийн аудитын баг гаргаж шалгуулна.
Ингэснээр хууль бусаар олборлож, хил давуулсан нүүрсний орлого жижиг “Тавантолгой” компанийн дансанд орсон эсэхийг тогтоох боломжтой.
Орон нутгийн удирдлагатай уулзаж, ирэх жилийн төлөвлөгөө, зохион байгуулалт, тээвэр ложистикийн асуудлыг ярилцаад ирсэн” хэмээв.