Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших эмчилгээний ид шидтэй элсэн Өөш манхан Улаанбаатар хотоос 420, аймгийн төвөөс урагш 150 км-т оршдог. Өөш манхны элс баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон байрлалтай бөгөөд түүний элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой гэдэг. Элсийг хэлнийхээ хонхорт тавихаар хайлдаг онцлогтой.
Элсний ид шидийг 1978 онд анх илрүүлж, 1986 онд бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу рахитыг эмчлэхээр сувилал нээн ажиллуулжээ.
Энд ирсэн зочид элсэн манхан үзэж, халуун элсний сувилалд амарч, эрүүлжихээс гадна Загийн усны хоолойд зочилж олон жилийн настай Заган төглийг харж, хармаг жимсийг амтлах боломжтой.
Хөлийн аясаар урсан нурах элсэн уулын оройд мацан гарвал оройн ирмэг хутганы ир шиг агаад хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас хийсэх адил торгон элс намиатан байдаг. Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагддаг. Өөш манхны сувилал нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Өөш манхан эмчилгээний ид шидтэйгээс гадна говь нутгийн үзэсгэлэнт байгалийн нэг юм. Тодруулбал, Дундговь аймгийн Есөн гайхамшгийн гурав нь Өлзийт сумын нутагт оршдог.
Өөш манхан, Дэл уул, Цагаан суварга их говийн үзэсгэлэн хийгээд эх орны төдийгүй дэлхийн хүний хөгжлийн түүх, өв соёл, байгалийн өвөрмөц тогтоц, эмчилгээний ид шидээрээ гайхуулдаг юм