“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөөг Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээрийн шаардлага, төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж ОСЖД (Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага)-аас Олон улсад нээлттэй өртөөгөөр зарлалаа.
Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь Цогтцэций өртөөгөөр олон улсын ачааг хүлээн авах, тээврийн харилцаанд орох эрх зүйн боломж бүрдлээ.
Ташрамд дурдахад “Монголын төмөр зам” ТӨХК нь ОСЖД-ийн хамтрагч гишүүн байгууллагаар 2016 онд элссэн.
ОСЖД (Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага) нь Олон улсын ачаа, зорчигч тээврийг хөгжүүлэх, Евразид төмөр замын тээврийн нэгдсэн орон зайг бий болгох, тив хоорондын төмөр замын тээврийн сувгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, төмөр замын тээврийн салбарт технологийн дэвшил, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 1956 оноос үйл ажиллагаа явуулж байна.