Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Тэгвэл энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн ой тохиож байна. Тэгш ойтой сумдын баяр наадмын тов эхнээсээ гарчээ.
Говь-Алтай аймаг 18 сумтайгаас 16 нь 100 жилийн ойгоо тэмдэглэх юм. Харин Хэнтий аймгаас ганцхан Норовлин сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүнчлэн Сүхбаатар аймгаас Уулбаян, Эрдэнэцагаан сум 100 жилийн ойгоо хийхээр тов гаргажээ.
Аймгаар нь авч үзвэл Завханы 10, Өвөрхангайн ес, Архангайн тав, Баянхонгорын зургаа, Ховдын тав, Хөвсгөлийн гурав, Дундговийн дөрөв, Дорнодын дөрөв, Дорноговийн 10, Увсын зургаа, Булганы тав, Төвийн долоо, Сэлэнгийн найм, Өмнөговийн Баян-Овоо, Манлай, Номгон, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций сум 100 жилийн ойгоо тэмдэглэх юм.
Сумдын тэгш ойн наадмын салхийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумынхан хагална. Тэд ирэх сарын 5-7-нд наадмаа товложээ. Харин Ховд аймгийн Зэрэг сумын 100 жилийн ой наймдугаар сарын 22-24-нд болно. Үүгээр сумдын 100 жилийн ойн баяр наадмыг хааж байгаа юм.
Тэгвэл Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт 100 жилийн ой тэмдэглэх сум байхгүй аж.