Эрх баригч намын гишүүдийн ихэнх нь импичментийн асуудлаарх хуралдааныг бойкотолсон тул Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар санал хураалт явагдсангүй. Харин төрийн тэргүүнийг огцруулах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ сөрөг хүчнийхэн мэдэгджээ.
Импичментийн асуудлыг хэлэлцэх хуралдаан орон нутгийн цагаар 21:20 цагийн орчимд дуусаж, парламентын дарга У Вон Сик “ирц бүрдээгүй тул санал хураалт явагдаагүй” хэмээн мэдэгдсэн байна.
Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг батлахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёрын олонхын санал, өөрөөр хэлбэл 300 гишүүнээс хамгийн цөөндөө 200 хүн дэмжсэн байх шаардлагатай байв. Гэтэл ердөө 195 гишүүн санал хураалтад оролцож, Ерөнхийлөгчийг дэмжигч намын бүлэг Үндэсний Ассамблейн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээрээ орхин гарснаар импичментийн асуудлаарх нууц санал хураалт явагдсангүй. Хэрэв эрх баригч намын цөөн хэдэн хүн “тийм” гэж санал өгсөн бол нөхцөл байдал өөрөөр эргэх байлаа.
Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён хэлэхдээ “манай нам бууж өгөхгүй, онц байдал тогтоосон ерөнхийлөгчид хариуцлага тооцох болно, Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар долоо хоног бүр санал хураалт явуулна” гэж мэдэгджээ.
Эхний санал хураалт 12 дугаар сарын 11-ний өдөр болох төлөвтэй байна.