Цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өдөр бүр тогтмол мэдээлэл өгч буй.
Өнөөдрийн хурлын үеэр эмнэлэг, тусгаарлах байрнаас аюултай хог хаягдлыг хэрхэн тээвэрлэж, устгаж байгаа талаар болон Улаанчулуутын хогийн цэг дээр COVID-19-ийн шинжилгээний сорьц, тариур зэргийг ил задгай хаясан байгаа нь тусгаарлах байрны хог хаягдал байх магадлалтай эсэхийг албаны хүнээс тодрууллаа.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан Эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэх, устгах тухай журам бий. Түүний дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байна. Одоогоор шинжилгээний материалаас болоод халдвар авсан тохиолдол гараагүй гэлээ.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах түр журам 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагджээ.