Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-н буюу энэ Баасан гарагаас нээхээр болжээ. Тус замыг нээх үеэр Зам тээврийн яамнаас 2020-2024 онд зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлууд болон бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийх юм байна.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн. Есдүгээр сарын 10-ны байдлаар эдгээр таван багцаас 1, 3, 5 дугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв.
Харин 2, 4 дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан. Тиймээс замын бүтээн байгуулалтын ажлын гурван багцын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, замын тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгаа юм байна.