Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгов.
Ингэснээр тус үйлдвэр ашигтай ажиллах, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, технологи, эдийн засгийн үр ашиг, ажлын менежмент нь сайжрах зэрэг давуу талтай гэж үзлээ.
Ташрамд дурдахад, Манай улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортолж нийт 7,5 сая ам.доллар зарцуулжээ. Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 57 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр Биокомбинатыг шинэчлэхээр болсон. Үйлдвэрийг шинэчилснээр, гадагшаа чиглэж буй валютын урсгалыг зогсоож, дотооддоо шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар бүрэн хангахаас гадна экспортлох боломж бүрдэх юм.