Улсын онцгой комиссын даргын тушаалаар ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ.
Өнөөдөр тус боомтоор олон улсын 23 тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд эхний тээврийн хэрэгсэл орж иржээ.
Төлөвлөсөн тээврийн хэрэгслүүд бүгд орж ирсний дараа ачаатай чиргүүлийг Монгол тээвэрлэгч нар цагдаагийн хяналтад Улаанбаатар руу цуваагаар хүргэх юм.
Дээрх 23 тээврийн хэрэгслээр эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөж байгаа ажээ.
Олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт хийх ажилд ХХЕГ, МХЕГ, ГЕГ зохион байгуулалттай шуурхай ажиллаж байна.