Бага орлоготой орнуудаас гадна дундаж орлоготой орнуудын дийлэнх нь вакцинаа хараахан хүлээж аваагүй байна. Одоогоор нийлүүлэгдээд буй коронавирусний вакцины дийлэнх нь чинээлэг орнуудад хүрчээ хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэв.
“Одоогоор коронавирусний вакциныг 42 улсад хэрэглэж эхлээд байгаагаас 36 нь өндөр орлоготой орнууд бол үлдсэн 6 нь дундаж орлоготой улс орнууд байна. Бага орлоготой орнууд болон дундаж орлоготой орнуудын дийлэнх нь вакцин хүлээж аваагүй нь бодит асуудал болоод байна. Энэ асуудлыг бид “COVAX” болон “ACT-Accelerator” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар даван туулна” хэмээн Гебрейесус ярьжээ.
Вакциныг тэгш хүртээмжтэй байлгах нь эрүүл мэндийн тогтолцоог тогтворжуулж, коронавирусний хувьсах чадварыг хязгаарлана хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэв. Вакцинаа тэгш хуваарилж, дамжин халдварлах боломжийг нь бууруулахгүй бол вирус дэгдсээр байх болно гэдгийг Гебрейесус анхааруулав.