Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Nio седан загварын анхны бүтээгдэхүүнээ өнгөрсөн амралтын өдөр зах зээлд танилцуулжээ.
Nio ET7 нэртэй загвар нь 2022 онд Хятадын зах зээлд нийлүүлэгдэх юм. Таван метр урт эх биетэй уг загварт олон тооны дижитал тоноглолууд, автомат жолоодлогын систем багтжээ.
Шинэ загвар нь 70kWh, 100kWh, 150kWh багтаамжийн батарейн сонголттой байх гэнэ. Хамгийн том батарейтай хувилбар нь бүрэн цэнэглэлтээр 1,000 км туулах чадвартай бөгөөд үүгээрээ Теслагийн Model S загвараас 320 км орчмоор илүү болсон байна.
Хос хөдөлгүүр нь нийлээд 644 морины хүч гаргах ба 0-ээс 100 км/цаг хүртэл хурд авахдаа 3.9 секунд зарцуулах нь Теслагийн хамгийн хурдан загварын үзүүлэлттэй ойролцоо байгаа гэнэ.
Нийтдээ 33 мэдрэгчээр тоноглогдсон ET7-д найман ширхэг 8 мегапикселийн камер, LiDAR лазерын зай мэдрэгч, миллиметрийн долгионы радарууд багтжээ.
5G сүлжээ, Bluetooth, Wi-Fi холболттой, голдоо 12.8 инчийн AMOLED дэлгэцтэй, суудалдаа массажийн системтэй шинэ седаныг нийтдээ 23 чанга яригчаар тоногложээ.
ET7-ын хамгийн хямд буюу 70kWh батарейтай хувилбарын үнэ $69,200 байх гэнэ. 2022 оны сүүлээр худалдаанд гарах 150kWh хувилбарын үнийг Nio мэдээлээгүй байна.
Өнөөдөр дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжих өрсөлдөөн ид явагдаж байгаа. Уламжлалт үйлдвэрлэгчдийг эс тооцвол энэ салбарт АНУ-ын Тесла тэргүүлж, Хятадын хэд хэдэн компани удаалж байгаагийн нэг хүчтэй төлөөлөгч нь Nio юм.