ЭМЯ-аас холбогдох лабораториудад нийт 9115 сорьцод шинжилгээ хийж, шинээр Улаанбаатарт 9 тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр батлагдсан 9 тохиолдлын:
- Дөрөв нь 25-р хорооллын Монос эмийн сан /өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/
- Гурав нь БЗД-ийн ТҮК-ийн ажилтан
- Хоёр нь ажиглалтад байсан хүнээс илэрчээ.
‘ХАЛДВАР АВСНАА ХАНИАДТАЙ АНДУУРЧ, ХҮНДРҮҮЛЭЭД ОЛОН ЭМНЭЛГЭЭР ЯВСАН ТОХИОЛДОЛ ГАРЛАА’
ХӨСҮТ-ИЙН Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Батлагдсан тохиолдлууд нь 25 дугаар эмийн сангийн “Монос” эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал болон тухайн үед засвар хийж байсан хоёр хүн, БЗД-ийн ТҮК-ийн 3 ажилтан, ажиглалтад байсан хоёр хүнээс тус тус илэрлээ. Мөн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт covid-19-ийн халдвар аваад, хүндэрсэн хүн ирсэн бөгөөд ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Тухайн иргэн Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Сонгдо, нэгдүгээр эмнэлгүүдээр үйлчлүүлсэн учраас ойрын хавьтлуудыг тусгаарласан байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 боллоо. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэж, гэртээ гарлаа. Улсын хэмжээнд нэгдүгээр хавьтлын 1194, хоёрдугаар хавьтлын 2666 хүн ажиглалтад байна. “Монос” эмийн санд өвчлөл бүртгэгдсэнтэй холбоотой 17 хүнийг тусгаарласан. Нийт 67 хүн ажиглалт тусгаарлалтад байна.
Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээнд 5083 хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр батлагдсан тохиолдлууд нь ойрын хавьтал болсон.
Өнгөрсөн бямба гаригийн шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд хүн ирж, үйлчлүүлсэн. Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд covid-19 халдварын тохиолдол батлагдсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан. Иймд эмч ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авсан. “Сонгдо” эмнэлгийн 30 эмч ажилтныг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн 4, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тус тус тусгаарласан. Эхний шинжилгээгээр covid-19 илрээгүй. Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн хойно эмнэлэгт ханддаг, олон эмнэлэг дамжсан тохиолдол гарч байна. Иймд өвчнийг хүндрүүлэхгүй маш яаралтай харьяа дүүргийн эмнэлгүүдэд мэдэгдэж, утсаар тусламж авахыг зөвлөе. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах эрсдэл маш өндөр. Энэ үед эмнэлгүүдээр үйлчлүүлэх нь халдвар тархах өндөр. Ханиад томуутай андуурч өвчлөх нь маш их байна. Сүүлийн гурав, дөрвөн тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн үед эмнэлэгт хандаж байгаа тул эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгийн тусламж утсаар дуудаж авахыг зөвлөе. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.
Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт 1525 тохиолдол, үүнээс дотоодын 1025, батлагдсан тохиолдлуудаас 967 нь эдгэжээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 548 хүн эмчлүүлж байна.Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 5 хүн эмчлүүлж байгаа аж.
‘ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ЭМНЭЛЭГТ ХАЛДВАР ГАРАХ МАГАДЛАЛТАЙ’
НЭМҮТ-ын багийнхан тандалт судалгааны зорилгоор 24 цагт 238 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй байна. Энэхүү шинжилгээнд эрсдэлт бүлгийн буюу такси, банк, эмийн сан зэрэг салбарт ажилладаг хүмүүс хамрагджээ. Мөн 11 мянга гаруй иргэн PCR шинжилгээнд хамрагдсан ба бүгд сөрөг гарчээ.