Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг 100 хувь цахимаар авч байгааг татварын байгууллагаас мэдээлж байна. Хувь хүний орлогын албан татварын 2021 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг ирэх сарын 15-ны өдрийг дуустал хуулийн дагуу бүртгэн хүлээн авах юм. Өмнө нь Хувь хүний орлогын албан татварын тайланг гаргаж орон сууцны буцаан олголтыг авахын тулд 14-16 төрлийн баримт материал бүрдүүлдэг байсан бол энэ оноос эдгээр баримтын тоог багасган 5 болгоод байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Орон сууцны хөнгөлөлтөд ямар материал бүрдүүлж бүртгүүлэх талаар татварын байгууллагаас зөвлөлөө. Үүнд иргэн өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан татварын цахим системд нэвтэрч иргэний мэдээллийн “тайлан” гэсэн хэсгээс “тайлан тушаах” гэсэн цэсийг сонгох юм.
Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын төрлүүдээс өөрийн орон сууцны байдлыг сонгож хадгална. Улмаар системийн “бүрдүүлэх материал” гэсэн цэсэд орж, орон сууцны хамрагдах хөнгөлөлтийг сонгосноор тухайн иргэний регистрийн дугаарын мэдээллээр Улсын бүртгэлийн газраас мэдээлэл татагдан идэвхжих юм. Ингэснээр иргэд үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг татаж оруулснаар орон сууцны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа орон сууц худалдан авсан гэрээ болон төлсөн 2 хувийн төлбөрийн баримт зэргийг хавсаргаж өгөх юм. Улмаар татварын байгууллагаас үүсгэж өгсөн төлбөрийн даалгаврын дугаарыг оруулж өгснөөр тухайн нэхэмжлэлийн мэдээлэл татварын системээс татагдан нэхэмжлэл шалгасөн төлөвт орж баталгаажих юм.