УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав.
Шүүхийн тухай хуулийг УИХ-аас хэлэлцэн батлахдаа, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүний ахалсан ажлын баг томилдог байх заалт оруулсан. Энэ нь ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат байгууллага болно гэж үзсэн гэв. Ингэснээр, шүүхийн өөрийн бие даасан хараат бус байдал, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөөлөл шууд оролцоход хүрнэ гэдгийг тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд буюу УИХ-ын сонгуулиар олонх болсон улс төрийн намын хүчин ШЕЗ, Сахилгын хорооны гишүүний томилгоог хийдэг болж буйг тодотгов.
Эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл гэж үзжээ.
Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэлийг бий болгоно гэж үзсэн байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1.5, 57.1.7, 57.1.8 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.2, 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.5, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг, 113 дугаар зүйлийн 113.2.1 дэх заалтад тус тус хэсэгчлэн хориг тавьсан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шүүхийн тухай хуульд хориг тавьсан зүйл, заалт тус бүрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн дээрх хоригийг хэлэлцэх үед, “Монгол Улсад анх удаа сонгон шалгаруулалтын засаглал гэдгийг бий болгож байгаа гэдэг үндэслэлийг тал талаас нь тайлбарласан. Олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Эрдэмтэн, судалгааны байгууллага, хуульч, өмгөөлөгчийн холбооны 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг нээлттэй сонгон шалгаруулж, нууц санал хураан УИХ-д оруулж ирснээр, томилгооны сонсгол хийх замаар ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нэг хүн томилдог тогтолцооноос ангижирж байгаа” хэмээн тайлбар өгч байв.
Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.