УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ танхимдаа ажиллах сайд нараа танилцуулж, УИХ-ын гишүүд шинээр томилогдох сайд нараас асуулт асууж, хариултаа авч байна. Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь өмнөх засгийн газарт ажиллаж байсан хүмүүс байна. Монголын улс төрийн түүхэнд анх удаа хамгийн олон эмэгтэйчүүд энэ удаагийн засгийн газарт орж ажиллана. Өөрөөр хэлбэл дөрвөн эмэгтэй сайдаар ажиллах гэж байгаагийн гурав нь улс төрд хуучинд тооцогдох бол Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номин улс төрд шинэд тооцогдож байна.
Чуулганы хуралдааны үеэр УИх-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт шинээр томилогдох сайд нарын ширээн дээр Үндсэн хууль тэргүүтэй дөрвөн янзын хууль байнга байх ёстойг сануулсан бол Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-оргил нар шинэ сайдууд халаа сэлгээнд анхаарлаа бага хандуулж, танхимынхаа бодлогыг зангидаж, ачаа үүрэлцэж, иргэд олон нийтэд нээлттэй ил тод ажиллахыг захилаа. Харин Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж, Засгийн гал тогоог барих Ц.Нямдоржийн тухайд улс төрөөс яваад долоон сарын дараа “урилгаар” эргэн ирж байгаа тухайгаа гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцоллоо.