Улсын онцгой комиссоос өчигдөр (2021.02.03) сар шинийн уламжлалт барилдаан энэ жил цар тахлын улмаас зохион байгуулагдахгүй болсныг дуулгав. Саяхан л Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд мөрдөж, сар шинийн уламжлалт барилдааныг ирэх хоёрдугаар сарын 11-ний битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулна гэж мэдэгдэж байлаа. Үүнтэй холбогдуулан барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдаж, нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана гэсэн журам батлаад байсан юм.