“Таван Толгой Түлш” компани нь сайжруулсан шахмал түлшнийхээ барьцалдуулагч бодисонд гурил хольж байна гэсэн мэдээллийн дагуу “Таван Толгой Түлш” компанийн захирал М.Ганбаатараас тодрууллаа.
-Танай компани иргэд болон Засгийн газраас нууцалсан байдлаар шахмал түлшиндээ “Алтан Тариа” ХК-ийн 2-р гурил хольсон байж болзошгүй тухай цахим орчинд мэдээлэл гараад байна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?
-Нууцалсан асуудал огт байхгүй. Бид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэхийн тулд мэргэжлийн байгууллагын заавар зөвөлгөөний дагуу дотоодын компаниудтайгаа хамтран боловсруулалт хийж байгаа. Боловсруулалт амжилттай дууссан тохиолдолд ард иргэдэд нээлттэй мэдээлэл хийн танилцуулах гэж байна. Бид анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас эхлэн БНХАУ-аас барьцалдуулагч импортоор худалдан авч байна. Үүнд жил бүр 12 тэрбум төгрөг зарцуулж байна. Хэрэв бид дотооддоо өөрсдөө бэлтгэж чадвал 30%-40% хямдаар нийлүүлж хэмнэлт гаргах боломжтой.
-Тэгвэл танайх Алтан Тариа ХК-ийн гурил ашиглан боловсруулалтын туршилт хийж байгаа нь үнэн гэсэн үг үү?
-Тиймээ, бид гурилын цардуул ашиглан дотооддоо барьцалдуулагч боловсруулж байгаа нь үнэн. Манайх Алтан Тариа болон бусад компанитай хамтран ажиллаж байна. Гэрээ хэлцэлүүд ч бий. Танилцахад нээлттэй.
-Өнөөдрийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа шахмал түлш нь стандартын дагуу шаардлага хангаж байгаа юу?
-Айл өрхүүд маань стандартынхаа дагуу үйлдвэрлэсэн шахмал түлшээ түлж байгаа. Ер нь аливаа бүтээгдэхүүн тасралтгүй сайжирч боловсорч байх ёстой. Энэ зарчмаар бид зүүн бүсийн шинэ үйлдвэрээ олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан. Удахгүй барьцалдуулагчаа ч гэсэн бид өөрсдөө бэлэн болгодог болохоор шуурхай ажиллаж байна.