Тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц буюу азын гэх тодотголтой улсын дугааруудыг өнөөдрөөс эхлэн цахим дуудлага худалдаанд оруулж байна.
Өнөөдрийн үдээс өмнөх дуудлага худалдаанд оруулсан 0001У** дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрснийг АТҮТ-ийн цахим дуудлага худалдааны сайтаас харж болохоор байна.
Энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодруулахад ‘Тухайн улсын дугаарыг 420 саяар зарагдсан гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд дуудлага худалдааны өссөн үнэ гэж хэлж болно. Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлж, ялсан иргэн мөнгөө өгсөн тохиолдолд зарагдсанд тооцно. Өнөөдөр иргэд үнийг хэт хөөрүүллээ. Цаашид үнийн хий хөөрөгдлөөс сэргийлэхэд ямар арга хэмжээ авах талаар ярилцаж байна’ гэв.
Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлж, ялсан иргэн 24 цагийн дотор мөнгөө өгч, өөрийн эзэмшлийн авто машинд улсын дугаараа авах боломжтой. Харин мөнгөө төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаа хүчингүй болж, тухайн улсын дугаарыг дуудлага худалдаанд дахин оруулах юм.