Газрын тосны үнэ Баасан гаригт 2020 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн их дүнгээр буюу 3.2 хувиар буурсны дараа эргэн өсч эхлээд байгаа талаар “Bloomberg” мэдээлжээ. Тухайлбал, брент төрлийн газрын тосны үнэ Даваа гаригийн /2021.03.01/ өглөөний байдлаар 1.65 хувиар өсч, баррель нь 65.48 ам.доллар болсон байна. Харин WTI-ийн хувьд 1.58 хувиар өсч, баррель нь 62.47 ам.доллар болжээ.
OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гарцын хэмжээг тогтоох уулзалт энэ долоо хоногт болох товтой байгаа ба энэ удаагийн уулзалтаар газрын тосны гарцыг нэмэгдүүлэх шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байгаа юм.
Газрын тосны фьючерс үнэ хоёрдугаар сард нийт 18 хувиар өсөөд байгаа ба үүнд дэлхий даяар covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлж, түлшний эрэлт өсөх төлөвтэй болсон нь нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс гадна Саудын Араб гарцаа өдөрт нэг сая баррелиар танасан нь мөн үнэ өсөх өөр нэг хүчин зүйл болжээ.