Нэгж криптовалютын үнэ нь түүнийг олборлоход ашигласан аварга том компьютерүүдийн үнэ төлбөр, тэдгээрийн ялгаруулж буй дулааныг хөргөх үйлдвэр, техник, түүнийг ажиллуулах цахилгаан эрчим хүчнийхээ өртөгт хүрдэггүй гэж зарим судлаачид үздэг. Иймээс ч криптовалютыг олборлох тусам үнэ нь өссөөр байж магадгүй аж.
Одоогоор дэлхий даяар 18.5 сая биткойн олборлогдоод байгаа ба энгийн нэг компьютероор түүнийг олборлох боломжгүй болжээ.
Кембрижийн их сургуулийн судалгаагаар Биткойн олборлоход дэлхий даяар дунджаар 130 терраватт цаг эрчим хүч зарцуулж байна. Энэ нь Нидерланд улсын хэрэглээтэй дүйцэх хэмжээ бөгөөд ашиглаж буй цахилгааны гурваны хоёрыг нь чулуун түлш шатаан гаргаж авдаг аж.
Биткойн олборлоход дам ялгарч буй нүүрсхүчлийн хий нь Аргентин улсын ялгаруулж буйтай адил хэмжээнд хүрсэн байна.
Улмаар биткойн олборлогчид цахилгааны төлбөр илүү хямд орнууд руу шилжиж байгаа ба тухайн орнууд нь цахилгаан эрчим хүчнийхээ ихэнх хувийг нүүрс шатааж гаргаж авдаг байна. Биткойныг албан ёсоор хянадаг байгууллага үгүй тул олборлогчид ямар эрчим хүч ашиглаж байгаа эсэхээ мэдэх аргагүй.
Мэддэг бол хэн ч сэргээгдэх эрчим хүчийг илүүд үзнэ. Биткойны ердөө нэг гүйлгээг хийхэд ялгарч буй нүүрсхүчлийн хий нь Youtube дээр 51 мянган цаг бичлэг үзэх, 680 мянган ширхэг виза карт үйлдвэрлэхэд ялгарч буй нүүрсхүчлийн хийтэй адил байгаа аж.
Түүнчлэн дэлхий даяар криптовалют олборлогчдын тоо олширсноор компьютерын график карт/GPU/-ын эрэлт нэмэгдэж, үнэ нь өсжээ.
График карт нь компьютерын тооцолох чадварыг нэмэгдүүлж олборлохо тусалдаг бөгөөд Nvidia’s GTX 1060, GTX 1070, AMD’s RX 570, RX 580 картуудын үнэ 2019 оноос хойш 2-3 дахин өссөн байна.
Биткойны дараа орох үнэлгээтэй Ethereum-ийг хөгжүүлэгчид олборлох системийг өөрчлөн байгальд илүү бага хор хөнөөл учруулах, цахилгаан эрчим бага хэрэглэдэг болгохоор ажиллаж буйгаа хэлсэн.
Хэдий сөрөг нөлөө бий ч томоохон компаниуд криптовалют тэр дундаа биткойнд хөрөнгө оруулж, олборлох үйлдвэр, багууд бий болсоор байна. Үүний улмаас цаашид криптовалютаас үүдэлтэй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихэссээр байгаа нь асуудал дагуулж байгаа юм.