Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу ‘Мартын 8’-ны баярын өдөр тохиож байна. НҮБ-аас ‘Мартын 8’-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр хэмээн зарласан билээ.
Энэ өдрийг хамгийн анх 1908 оноос тэмдэглэж эхэлжээ. Анх АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянга орчим эмэгтэй бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагссан түүхтэй. Үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилсан байна. Хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэжээ.
Тухайн үед энэ өдрийг тэмдэглэх яг тогтсон өдөр гэж байгаагүй бөгөөд 1917 онд Орост дайнаас болж хохирсон олон мянган эмэгтэй ‘Талх ба эрх чөлөө’ хэмээх ажил хаялт зарласан байна. Энэ үйл явдлаас хойш дөрвөн хоногийн дараа Засгийн газар эмэгтэйчүүдэд бууж өгөн, сонгууль өгөх эрхийг нь хүртэл нээж өгчээ. Энэ өдөр нь гуравдугаар сарын 8 байсан бөгөөд үүнээс хойш олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу ‘Мартын 8’-ныг тэмдэглэх албан ёсны өдөртэй болжээ.