Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ардчилсан намын даргын дотоод маргаантай холбоотойгоор байр сууриа илэрхийлээ.
Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна.
Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна.
1990 оны ардчилсан хөдөлгөөн, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үед тавигдаж байсан зорилго, зорилтууд бүрэн биелээгүй байна. Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Улс төрд эрх баригч нам бохир тоглолт хийн дагуул жижиг намууд худалдагдсан тоглоомын улс төрчдөөрөө дамжуулан ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна.
Статистик мэдээллийн ихээхэн дарагдуулсан тоогоор 940 мянган хүн буюу хүнамын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт тулж иржээ. Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгийг авилгачид шамшигдуулсныг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Улс төрчдийн оффшорт нуусан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Энэ бүхэн бол өөр юуны ч биш 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн шууд үр дүн юм.
Нэг намын дарангуйлал олон жилийн дараа бодитоор эргэн ирж, хүнд суртал, дураар авирлах ёс, хээл хахууль, авлигыг сэргээн дэврээж байна. Ардчилсан сонголт, эрх чөлөөний замыг буруу зүйл байсан мэт суртал нэвтрүүлгийг эрх баригчид өргөнөөр түгээж, нийгмийн сэтгэл зүйг хордуулах, залахыг улам бүр чармайх боллоо. Ардчилал бүдгэрч, хүний эрх, эрх чөлөөг хумихын хэрээр эрх баригчид бие даасан бодлого явуулах чадвараа алдаж, гадны хамаарал бүхий улс төрийг цогцлоон дархалж байгаа нь ил тод харагдаж байна.
Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.
Эрхэм журмын нөхөд өө,
АРДЧИЛЛЫН АНХДАГЧ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ “НЭГДҮГЭЭРТ, УЛС ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ХОЁРДУГААРТ, НАМЫН ЭРХ АШИГ, ГУРАВДУГААРТ, ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ЭРЭМБЭЛЭХ ЁСТОЙ” ХЭМЭЭН ХЭЛСЭНЧЛЭН СЭТГЭЖ, НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ӨРГӨН УТГААР НЬ ХАРЖ ОРОЛЦОХЫГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА.
Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.
Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна. Нийт гишүүдээрээ шийдүүлэх, сонгуулах нь ардчиллыг бэхжүүлэх, сэргээн тогтоох үйлсийн эхний том алхам байх болно.
Өнөө цагт эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг ухамсарлагтун!
2000 ОНД АРДЧИЛЛЫН ДУУЧ С.ЦОГТСАЙХАН БИДЭНД ЗАХИХДАА, “ЛИДЕРҮҮДИЙН
АЛДААНААС АРДЧИЛСАН ХҮЧНҮҮДИЙН НЭР ТӨР ЦЭВЭР ГАРААГҮЙ. БУРУУГҮЙ МӨРТЛӨӨ АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧ БИДНИЙ НЭР ХҮНД Ч МӨН АДИЛХАН Л БУРУУТСАН. ХЭН НЬ Ч УСНААС ХУУРАЙ ГАРААГҮЙ… ХЭРЭВ БИД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАН ГҮНЗГИЙРҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ” гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө ашид оршиж, дэлгэрэн хөгжих болтугай.