ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ
-Олон нийтийн зүгээс вакцинжуулалт удаашралтай байна гэх шүүмжлэл байсан. Гэхдээ вакцин удаашралтай байгаа юм биш. Бид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 22 цэгээр вакцинжуулалтыг зохион байгуулсан бол өчигдрийн байдлаар 36 цэг байгуулаад байна. Өнөөдөр нэмэлтээр цэг гаргана. Монгол Улс анх удаа цар тахлын эсрэг вакцин хүлээн авч, хүн амаа дархлаажуулж байгаа тул аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн төвүүдэд вакцинжуулалтаа эхлүүлсэн. Вакцины дараа тухайн хүнийг заавал 15-30 минут ажиглах ёстой.
Бид бүхэн эмнэлгийн ачаалал, нөөц бололцоо бүх зүйлсийг тооцож төлөвлөгөөний дагуу вакцинд хамрагдах хүмүүсийнхээ нэрсийг урьдчилан байдлаар авч, дэс дарааллын дагуу вакцинжуулалт зохион байгуулж байна. Тиймээс вакцины цэгүүдийг нэмсэн ч хүн амын дунд сайн дурын дархлаажуулалт эхлээгүй. Нэмэлт цэгүүдээр зорилтот бүлгийнхэн үе шаттайгаар вакцинд хамрагдана. Одоогоор вакцины нөөц одоогоор хангалттай байна.
Хадгалах горимын тухайд, файзер вакцин шиг хүйтэн хэлхээний горимоор хадгалах шаардлагагүй тул ердийн горимд хадгалах боломжтой. Иймд тусгай хайрцгаар вакцинаа зөөвөрлөж, зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Бид хоногт дунджаар 15 мянган хүнээ вакцинжуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу ирэх сараас вакцин татан авах хүртэл бид 220 мянган хүнийг вакцинд хамруулна гэсэн тооцоо байгаа. Харин одоогоор хүн амын дунд сайн дурын вакцинжуулалт эхлээгүй.
Төлөвлөгөөний дагуу хүн амын дунд вакцинжуулалт дөрөвдүгээр сараас эхэлнэ. Цаашид тавдугаар сар гэхэд нэг сая гаруй хүнээ вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөө байна.
Нөгөө талаас, вакцины тунг хоёр удаа хийлгэснээр дархлаажуулалт тогтно. Тиймээс вакцин хийлгэсэн ч орон нутагт зорчихдоо PCR шинжилгээ өгнө, амны хаалтаа зүүнэ. Вакцинд хамрагдснаар covid-19 халдвараас 100 хувь хамгаална гэсэн үг биш.