Манай улс цар тахлын хөл хориог сулруулж, вакцинжуулалт эхлүүлээд удаагүй байна. Хүн амын дунд сайн дурын вакцинжуулалт эхлээгүй ч сургаар нь назгайрч эхэллээ. Вакцинд хамрагдчихвал Covid-19 тусахгүй гэсэн ойлголт иргэдэд бий.
Эхний тунг тариулчихвал шинжилгээ өгөхгүй хотоос гарч, амны хаалт зүүхгүй өмнөх шигээ ердийн амьдралын хэв маягаар амьдрах мэт хандлагатай болжээ. Гэхдээ хүн бүр амны хаалттай, хоорондоо зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих, эрсдэлээс сэргийлж вакцинд хамрагдах зэрэг шинэ амьдралын хэв маягт дасан зохицохыг цар тахлын энэ цаг үед шаардаж буй билээ.
Вакцин нь халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга ч өвдөхгүй гэх баталгаагүйг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр анхааруулсаар байхад чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх нь их байна. Вакцинд хамрагдвал амны хаалт зүүхгүй байж болох уу?, Вакцины эхний тунг хийлгэсэн ч бичгээ үзүүлээд хотоос гарах боломжтой юу?, Вакцины дараа амны хаалт зүүхгүй байж болох уу? гэх зэрэг асуулт хөвөрсөөр байна. Харин вакцинд хамрагдсан ч халдварт өртлөө гэхэд хөнгөн өвдөж, өвчний хүндрэлээс сэргийлэх давуу талтайг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм.
Эрүүл мэндийн яамнаас ирэх сараас иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ. Вакцинд хоёр тунгаар 14 хоногийн хугацаанд хамрагдах юм. Албаны мэдээллээр, вакцины эхний тунг тариулсан ч хот хооронд зорчих боломжгүй ажээ.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, вакцинд хамрагдсан хүмүүс бичгээ үзүүлж, орон нутаг руу зорчих журам үйлчлэхгүй юм байна. Хэрэв журам өөрчлөгдсөн тохиолдолд олон нийтэд мэдээлэх аж. Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэн эл өдрүүдэд хотоос гарч буй иргэд 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Харин вакцины эхний тунг тариулсан ч бичгээр орон нутагт зорчих боломжгүйг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж буй юм. Тус албанаас мэдээлснээр, вакцины эхний тунг тариулсан ч дархлаа тогтож амжаагүй тул хоёр дахь тунгаас хойш тодорхой хугацааны дараа хотоос гарах эрх нь нээгдэх ажээ.
Мэдээж вакцинд хамрагдсан ч PCR шинжилгээ заавал өгсөн байх шаардлагатай. Үүнээс гадна иргэдийн дунд вакцины эхний тунгийн дараа халдварт өртөж магадгүй гэх айдас ч байна. Эмч мэргэжилтнүүдийн хэлснээр, халдварт өртлөө ч хөнгөн өвдөх ба тодорхой хугацааны дараа хоёр дахь тунг хийх боломжтой аж. Батлагдсан тохиолдлууд эдгэснээс хойш зургаан сарын дараа вакцинд хамрагдаж болох юм.
Вакцин хийлгэсний дараа амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барих нь хамгийн чухал болохыг эрүүл мэндийн салбарынхан онцолж байв.
Манай улсын хувьд 18-аас дээш насны хоёр сая иргэнээ дархлаажуулахаар зорьж буй. Энэ дагуу ирэх тавдугаар сард нэг сая гаруй иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Вакцинжуулалт эхэлсэн хоёрдугаар сарын 23-наас хойш эрсдэлт болон зорилтот бүлгийн нийт 48265 иргэн вакцинд хамрагдсан байна.
Манай улс БНЭУ-ын “Астразенека”, ОХУ-ын “Спутник-V” болон БНХАУ-ын “Сенофарм” вакциныг хүлээн аваад байгаа билээ. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар нэг сая иргэнээ вакцинд хамруулах боломж бүрджээ.