Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага шинэ тайландаа 2021 онд дэлхийн эдийн засаг 5.6 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ. Мөн эдийн засгийн тогтвортой сэргэлтийн гол түлхүүр нь дэлхийн хэмжээнд Covid-19-ийн эсрэг вакциныг эрчтэй, үр дүнтэйгээр хуваарилах явдал хэмээн тэмдэглэсэн байна.
Тус байгууллагын мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор, энэ оны дундуур дэлхийн аж үйлдвэрлэлийн хэмжээ Covid-19 цар тахлын өмнөх түвшинд хүрэхээр байгаа бол 2022 онд дэлхийн эдийн засаг 4 хувиар өснө гэж таамаглажээ. Хэрэв вакцины үйлдвэрлэл хурдасвал дэлхий даяар Covid-19-ийн шинэ мутацид орсон хувилбар тархахаас өмнө хуваарилалт, түгээлт жигдэрч, цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмүүдийг хурдан сулруулах боломж бүрдэнэ. Энэ тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт одоо таамаглаж байгаагаас сайжрах боломжтой гэж үзэж буй аж.
Хэрэв вакцинжуулалтын явц халдварт өвчлөлийг бууруулах хэмжээнд хүрэхгүй удаашралтай байвал, эсвэл Covid-19-ийн шинэ хувилбарын халдвар ихээр тархаж, одоо ашиглаж буй вакцинуудыг шинэчлэх шаардлага тулгарвал хэрэглээний зардал, бизнесийн итгэл алдагдах болно гэж анхааруулж байна.
Тус тайлан илтгэлийг боловсруулагчид вакцинжуулалтын аянаа эрчимжүүлж, зорилтот бүлэгт нь чиглүүлж, санхүүгийн дэмжлэгийг шуурхай үзүүлэн үйлдвэрлэл болон бизнесийн итгэлийг нэмэгдүүлэхийг уриалжээ. Мөн олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уялдаа холбоогоо сайжруулж, хүчээ нэгтгэж чадвал дэлхийн эдийн засгийг тогтвортойгоор сэргээх суурь тавигдана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.