Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 2,6, өмнөх оны эцсийнхээс 2,4, өмнөх сарынхаас 1,4 хувиар өслөө.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 2,6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8,9 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5,3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3,6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3,0, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 4,5 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Харин орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5,3 (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 10,7 хувь), тээврийн бүлгийн үнэ 5,3 хувиар буурав.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард өмнөх оны эцсээс 2,4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6,7, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0,8, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2,7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1,4 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 2 дугаар сард өмнөх сараас 1.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.9 хувь ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 8.0 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ тус бүр 1.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний индекс 2018 оны 2 дугаар сард 6,9, 2019 оны хоёрдугаар сард 6,9, өнгөрсөн оны 2 дугаар сард 6,4 хувь гарч байсан бол энэ оны 2 дугаар сард 2,6 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 3,8 пунктээр буурлаа.
Инфляцын түвшин өнгөрсөн сард улсын хэмжээнд 2,6 хувь гарсны 2.4 нэгж буюу 92,3 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийслэлийнхэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.
Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа нь нийт жингийн 45,5 хувийг эзэлж байна. Инфляц өнгөрсөн сард 2,6 хувь гарсны 34,6 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 пунктээр буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.