Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутагтаа цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг өнөөдөр танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал ‘Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд COVID-19-ийн батлагдсан нэг тохиолдол гарсан. Тухайн тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 44 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Мөн дам хавьтуудыг тусгаарласан PCR шинжилгээг Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид хийхэд бүх хариу сөрөг гарлаа’ гэв.
Үүнтэй холбоотойгоор Оюутолгойд ойрын болон дам хавьтлуудыг нэмэлтээр тодорхойлж, PCR шинжилгээ, уурхайн орчинд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Оюутолгойд Шуурхай штаб ажиллаж байгаа бөгөөд аймгийн Онцгой комисс, Шуурхай штабтай мэдээлэл солилцон ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол гарсан үед ээлж солилцон сумдад очсон иргэд байгаа тул сумдын Онцгой комисс болон эрүүл мэндийн төвүүдэд мэдээлэл өгч, тандах ажил хийж байна. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг сайтад тусгаарласан ба биеийн байдалд зовуурь илрээгүй’ гэв.
Түүнчлэн ‘Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, олон нийтийн газраар зорчих бол хүн хоорондын зайгаа баримтлахыг хүсэж байна’ гэлээ.